Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж энэ сарын 27-нд, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж Арслан цол хүртсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Ц.Содномдоржид хүндэтгэл үзүүлэхээр боллоо. Хуралдаанаар энэхүү ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна. Энэхүү арга хэмжээ түүний төрсөн нутаг болох Тосонцэнгэл суманд болох бөгөөд бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг зохион байгуулах ажээ.
Ц.Содномдорж улсын их баяр наадамд 9 жил зодоглож байгаа бөгөөд энэ жил 9 дэх жилдээ 9 даван түрүүлжээ. Хоймор нутгийн уугуул Х.Мөнхбаатар одоогоос 10 жилийн өмнө буюу 2007 онд улсын наадамд түрүүлж арслан цол хүртэж байжээ. Хөвсгөл аймаг нь олон алдартны өлгий нутаг бөгөөд Цагаан-Үүр сумын Уялган голын 3 аваргаараа алдартай нутаг билээ. Нэг голоос төрсөн аваргууд болох Ж.Цэвээнравдан 1951 онд арав давж түрүүлж байсан бол Д.Дамдин 1956 онд ес давж түрүүлсэн, Ч.Бээжин 1970 онд ес давж тус тус түрүүлж байсан түүхтэй ажээ.
Хөвсгөлчүүд шинэ арсландаа энэ сарын 27-нд хүндэтгэл үзүүлнэ
2017 оны 07-р сарын 18 өдөр, 10 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )