Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд тав давсан Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хантайшир бөхийн дэвжээний бөх Балганы Хишигбаатар, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Жаргалсайханы Дагва-Очир, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, “Хилчин” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Дармаагийн Тамир, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес богда” дэвжээний бөх Бередмуратын Серик, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх Галсан-Очирын Ганжад нарт Монгол Улсын начин цол олголоо.
Мөн үндэсний хүчит бөхийн барилдаанд зургаа давсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх Оргихийн Хангай нарт Монгол Улсын харцага цол олгов.
Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын начин, харцага цолны үнэмлэх, тэмдгийг гардуулан өгөв.