Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Эрхэм зочид гийчид ээ,
Эрхэм хүндэт наадамчид аа,
Туурга тусгаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос төрт ёсны их баяр монгол наадмын энэ гэгээн сайхан өдрийн халуун мэндийг наадамчин олон Та бүхэндээ дэвшүүлж, амрыг айлтган мэндчилье.
Монголын Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Ардчилсан хувьсгалын 27 жилийн ой энэ жил тохиож байна.
Монголын сайн нэрийг өндөрт өргөж яваа хүн бүрийн халуун сэтгэл, хөдөлмөр зүтгэл өөрсдөө өөрсдөдөө эзэн байх их ухаан дээр эх орон минь өөдлөн дэвжиж явна. Тусгаар тогтнол минь бат, туг сүлд минь цэх байна. Хөдөлмөрч, хичээнгүй Монгол ялж, хөгжил дэвшлийн их замд тэмүүлж байна.
Баяр наадмын энэ өдөр ч гэсэн бид хийж хэрэгжүүлэхээр зорьж буй олон ажлаа санаж, төлөвлөж, ярьж хэлж байх ёстой гэж би бодож байна. Улс орон, ард иргэдийн маань өмнө тулгамдсан ажилгүйдэл ядуурал, иргэдийн амжиргааг улам бүр дордуулахад нэрмээс болж байгаа зарим өрийн асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулж байна. Мөн эдийн засгаа сэргээн тогтворжуулах, бүтээн байгуулалтын их ажлаа цаг алдалгүй өрнүүлэх том зорилт бидний өмнө байгааг наадмын энэ индрээс би зориуд дурдаж байгаа юм аа.
Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж буй монгол наадам маань бидний нэгэн чухал өв соёл билээ. Төрт ёсны их уламжлал, түүх соёлын гайхамшиг, түмэн олны сэтгэлийн цэнгэл хосолсон үндэсний их баяр наадам маань дэлгэрзуны сайн цагт ийнхүү эхэлж байна.
Эх түүх, хэл соёлоороо бахархан омогшдог монгол хүн бүрийн сэтгэлд нар гийсэн наадмын сайхан өдөр зон олны минь сэтгэл тэнүүн цог золбоо дүүрэн морь нь хурдан, бөх нь хүчтэй, харваач нь мэргэн байг ээ.
Дэлхийд ганцхан монгол наадам дэнж дүүргэн эхэлж байгааг даяар олноо дуурсган зарлая.
Сайхан наадаарай.
Туурга тусгаар улс орон минь хөгжин бадраг.
Түмэн олон минь амар амгалан жаргаг.