ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэмлэх түүхтэй, Их Монгол улсынхаа эзэн болсон нийт иргэд ээ,
Та бүхэндээ Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөндэвшүүлье.
Өвөг дээдсийн минь бидэнд өвлүүлж үлдээсэн далай их соёлын хамгийн тод илэрхийлэл МОНГОЛ НААДАМ эхлэх гэж байна.
Сайхан морио унаж, шинэ дээлээр гоёж, айл хотлоороо жарган цэнгэж, баяр баясгалан дүүрэн байхын бэлгэ ерөөл нүүдэлч түмний уламжлалт баярын гол утга агуулга билээ.
Өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент эдийн засгаа өөд татах, иргэдийнхээ амьдралыг тогтворжуулах зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хичээн чармайж ажиллалаа.
Зүтгэл чармайлтын үр дүн гарч эхэлснийг Та бүхэн мэдэж байгаа. 2012-2016 онд тасралтгүй уруудсаар, дөнгөж 1.0 хувьд хүрээд байсан эдийн засаг эргэн сэргэж, 4.2 хувь өслөө.
Төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж, алдагдал нь 2 дахин буурлаа.Төгрөгийн ханш чангарч, экспортын хэмжээ нэмэгдсэнээр гадаад худалдааны ашиг 1.0 тэрбум ам.долларыг давсан байна. Ажилгүйдлийн түвшин 2.5 хувиар буурч, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 4 дахин нэмэгджээ.
Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨР байх эрмэлзлийнхээ дагуу нэлээд хэдэн чухал шийдвэр гаргалаа.
Тэтгэвэрт гарах нас, жилийг өөрчилж, иргэн өөрөө хүсвэл эрэгтэйчүүд 35, эмэгтэйчүүд 30 жил ажиллаад тэтгэвэрт гардаг байх, эсвэл 65 нас хүртлээ ажил эрхэлж болдог байхаар хуульчилсан. Ээжүүдийг цалинтай болголоо. Хүүхдийн мөнгийг Монголынхоо бүх хүүхдэд олгохоор боллоо.
Цаашид тогтвортой өсөлттэй эдийн засгийг төлөвшүүлж, иргэн бүр ажилтай орлоготой, айл өрх болгон сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр илүү ихийг хийх хэрэгтэй байна. Бид хөгжил дэвшилд хүрэх зорилтоо хангаж, ард түмэндээ амласан амлалтаа бүрэн дүүрэн биелүүлэх болно.
Монгол наадамчид аа,
Дэнж хөндийд наадамчдын майхан алаглаж, удамт бөхчүүдийн хүч тэнхээ зодгондоо зангирч байна. Уяа морьдын сувдан хөлс цэвцийж, мэргэн харваачдын уухайн түрлэг дуурсаж байна. Монгол наадмын энэ жавхаа бол монгол түмний минь цог хийморийн илэрхийлэл билээ.
Энэ жилийн наадмын өнгөөс ирэх жилүүдийн амьдрал ахуйн байц төрх тодордог. Тиймээсдэлгэр баяр, дэрвэх хийморьтой сайхан наадаарай гэж ерөөе.
Хүлэг бүхэн хурдан, бөх болгон даваатай, сум тоолон мэргэн байг ээ.
Монгол орны минь буян заяа ямагт тэнгэрт тэтгэгдэж, монгол түмний минь амьдрал үргэлж дэвжин дэлгэрч байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД