Нийслэлийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад 907162 сонгогч бүртгэгджээ

2017 оны 07-р сарын 07 өдөр, 12 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5a827c9058f9e0b27f9c86c55f279568

Нийслэлийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын бэлтгэл ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ удаагийн сонгуулийг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий 9 дүүргийн сонгуулийн хороо, 403 хэсгийн санал авах байр байгуулагдан ажиллаж байгаа аж. Санал авах байруудын 157 нь төрийн өмчийн сургууль, 85 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор, 28 нь хувийн хэвшлийн байгууллага, 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлаж байгаа. Гэр хороололд байрлалтай санал авах байруудын 30 хувьд нь болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс цахилгааны эх үүсгүүрүүд байрлуулжээ. Сонгуулийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад 17 мэргэжлийн байгууллага, сонгуулийн үеийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргийн дагуу ажиллаж байна.

Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Энэ удаагийн санал хураалтад нийслэлийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 907162 сонгогч бүртгэгдсэн байна. Үүнээс “Түр хасав” тэмдэглэгээтэй 29904 сонгогч байна. Сонгуулийн Ерөнхий хорооноос нийт 9043336 саналын хуудас хүлээн авч энэ сарын 5-ны дотор техник хэрэгслийн хамт бүх санал авах байруудад тарааж дууссан. Дахин санал хураалт энэ долоодугаар сарын 7-ны өдөр 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. Мөн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт 4317 иргэн ирүүлж, өнөөдөр өглөөний 08:00-20:00 цагийн хооронд саналыг нь авч байна” хэмээлээ.

“Зарим байгууллага сонгогчдыг санал өгүүлэхийн тулд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэргээр уриалга гаргаж байна. Сонгуулийн тухай хуулийн 70.1-д зааснаар ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт дуустал аливаа этгээд сонгогчийн саналыг татах зорилгоор бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгөөр үзүүлэх зэргийг хориглосон байдаг. Сонгуулийн талаарх зөрчил, аливаа гомдол саналыг тухайн орон нутгийн Цагдаагийн байгууллагад хандан шийдүүлэх бүрэн эрх нь иргэдэд нээлттэй байгаа” гэдгийг нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх