Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсын нээлт, “Ардын үг” аяны хаалт болов

2017 оны 07-р сарын 04 өдөр, 15 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ardiin ug

Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсын нээлт, “Ардын үг” аяны хаалтын ажиллагаа өнөөдөр “BLUE SKY” зочид буудалд болов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, “МЕС” судалгааны төвийн захирал Л.Золбаатар, Монголын медиа корпорацийн удирдлагууд, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны найман жилийн төгсгөлд “Ардын үг” аяны хүрээнд Ерөнхийлөгчийн тайланг олон нийтэд хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүхэн тайлангаа хэвлэмэл байдлаар УИХ-д танилцуулж байсан. 2015 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлангаа тавьсан. Өнгөрсөн жил Дархан-Уул аймагт тайлангаа тавьсан.

Төгсгөлийн тайлангаа аймгуудыг бүсчилсэн байдлаар хийе гэсэн төлөвлөгөө хэлэлцэж байсан үед Монголын медиа корпорациас “Ардын үг” аянаар дамжуулж Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэе. Олон нийтээр үнэлүүлье гэсэн санал ирснийг бид талархаж хүлээж авсан. Нийт 6 удаагийн хэлэлцүүлгээр тайлан тавих, мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулсан.

Монголын медиа корпорациас санаачилсан үйл ажиллагаа нь төрийн өндөр албан тушаалтан, ялангуяа сонгогдсон, томилогдсон албан тушаалтан тайлангаа тавьдаг том соёлыг бий болголоо. Том жишиг тогтоолоо гэж би бодож байгаа. Энэ бол өнөөдөр нийгэмд маш хэрэгтэй зүйл. Өнөөдөр сонгогдоод юу хийв, амласан хөтөлбөр нь яаж хэрэгжиж вэ гэдгийг дүгнэж цэгнэдэг зүйл тааруухан байгаа. Тийм учраас бид Монголын медиа корпорацид талархах ёстой. Яагаад гэвэл төрийн өндөр албан тушаалтнууд эргээд сонгосон хүмүүстээ тайлангаа тавьдаг том соёл, жишгийг тогтоож чадсан. Иймд  Монголын медиа корпораци, Eagle телевизийн хамт олонд, сэтгүүлчдэдээ талархаж байгаагаа илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайланг танилцуулахдаа эрхэлсэн ажлынхаа хүрээнд Ерөнхийлөгчийн зөвлөхүүд мэдээлэл өгч, Ерөнхийлөгч өөрийн биеэр 6 удаагийн хэлэлцүүлэгт бүгдэд нь оролцож дүнгээ танилцуулсан. Үнэхээр анхдагч эх үүсвэрээс нь үнэн зөв мэдээллийг цэгцтэй хүргэх юм бол иргэд тухайн сонгогдсон, томилогдсон хүний үйл ажиллагааны талаар маш зөв мэдээлэл авдаг нь эндээс харагдлаа. Аливаа мэдээллийг анхдагч эх үүсвэрээс нь, үнэн зөв, бодитой авдаг соёл эндээс тогтлоо гэж үзэж байна.

Мэдээлэл зүйн салбарт манай сэтгүүлчид цаашдаа ийм мэдээллийг иргэддээ өгөх нь чухал юм.

Тайлангийн явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль, бусад хууль, өөрт нь заагдсан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлаас гадна өөрийнхөө санал, санаачилгаар хэрэгжүүлсэн маш олон зүйлийг иргэдэд хүргэж чадсан. Иргэд бас цаашдаа ийм үйл ажиллагаанд идэвхтэй оролцох саналаа илэрхийлж байсан. Ялангуяа, ногоон хөгжил, иргэдийн оролцоо, монгол хэл, соёл, түүхийн чиглэлээр Ерөнхийлөгчийн санаачилж хэрэгжүүлсэн маш олон төсөл байгаа. Үүнд тухайн салбарын эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүд, ард иргэд идэвхтэй оролцсон. Цаашдаа ч үргэлжлэх юм бол Монголын түүх, хөгжилд томоохон хувь нэмэр оруулах юм байна гэж бодож байгаа.

Ийм бололцоог олгосон сэтгүүлчдэдээ, Монголын медиа корпорацийнханд, Eagle телевизийн хамт олонд, энэ ажлыг дэмжиж оролцсон хэвлэл, мэдээллийн байгууллагынханд талархал илэрхийлье. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцсэн иргэдийн Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгүүд дараахь сэдвүүдийн хүрээнд өрнөж, хэлэлцүүлэгт санамсаргүй түүврийн аргаар сонгогдон оролцсон иргэд  буюу Ардын экспертүүд 1-10 хүртэлх онооны итгэлцүүрээр дүн тавьсан юм.

  1. Гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлд хийсэн ажилд нь 10-аас  8.9 оноо.
  2. Монгол хэл бичиг, Монгол өв соёл, Монгол түүх, Монгол судлал, Монгол хүнээ дэмжих чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.4 оноо.
  3. Шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.1 оноо.
  4. Ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.7 оноо.
  5. Иргэдийн оролцоо, эдийн засгийг дэмжих чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.8 оноо тус тус өгчээ.

Эдгээр үнэлгээг “МЕК” судалгааны байгууллагын санамсаргүй түүврийн аргаар сонгосон хөндлөнгийн, хараат бус 1000 гаруй Ардын экспертүүд Зөвлөлдөх ардчиллын зарчмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайланг сонсож, мөн эсрэг санаа бодол, сөрөг үнэлгээ бүхий нийгмийн хэсгийнхний үгийг тэнцвэртэйгээр хүлээн авч, жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцсэний дараа нууц санал хураалтаар гаргасан гэдгээрээ онцлогтой.

Мөн энэ үеэр гол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг харуулсан Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсын нээлт боллоо.

Зөвлөлдөх ардчиллын зарчмын дагуу иргэдээрээ дүн тавиулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монголын медиа корпорацийн зүгээс “Ардын эксперт”-үүдийн захиас, даалгавар, санал бодол, байр суурь зэргийг багцлан багтаасан Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсыг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайханд хүлээлгэн өгсөн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх