Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Мэндийн Зэнээ агсаны хүндэтгэлийн самбарыг шинэчлэн байрлууллаа

2017 оны 06-р сарын 30 өдөр, 15 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b12ed19ab08edb6f80b53f35e3ac53f3

УИХ-ын гишүүн асан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Мэндийн Зэнээ агсаны мэндэлсний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр 1947 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Өнжүүл сум, одоогийн Бүрэн сумын нутаг “Оорцог” хэмээх газар малчин ард Мэндийн 4 дэх хүү болон мэндэлжээ.

М.Зэнээ агсаны 70 насны ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар амьдарч байсан байранд нь байх хүндэтгэлийн самбарыг шинэчлэн байрлууллаа. БГД-ийн нутаг дэвсгэр, 6 дугаар бичил хороололд байрлах уг байранд М.Зэнээ агсан хань, үр хүүхдүүдийн хамтаар 1994-2002 он хүртэл амьдарч байжээ.

Өнөөдөр түүнийг хань, үр хүүхэд, журмын нөхөд, ах дүү, төрөл төрөгсөд нь дурсан ярьж байна. М.Зэнээ агсаны охин З.Ариунаа хэлэхдээ “Миний аав их энгийн, сайхан сэтгэлтэй, нөхөрлөлдөө болон үзэл бодолдоо үнэнч, үр хүүхэд бидэндээ уул шиг түшигтэй хүн байсан. Монгол орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө гэсэн тууштай, цэх шулуун үзэл бодолтой явсан аавынхаа баримталж ирсэн “Монголоороо л үлдэх юмсан” гэсэн зарчмыг үргэлжлүүлэн залгамжлуулахыг хичээх болно. Олон жил гэр бүл, үр хүүхдүүд нь хийчих юмсан гэж бодож явсан ажлуудын нэг болох  хүндэтгэлийн самбарыг нь шинэчлэх ажилд чин сэтгэлээсээ тусалж дэмжсэн хотын дарга С.Батболд болон түүний Тамгын газрын хамт олонд маш их баярласнаа илэрхийлье” хэмээсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан М.Зэнээ агсаны хань, үр хүүхдүүдэд сайн сайхныг хүсээд “Нийслэлийн зүгээс бид М.Зэнээ агсаны хийж хэрэгжүүлж, санаачилж байсан олон сайхан ажил, хууль тогтоомжийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүндэтгэлийн самбарыг нь шинэчилж байна. Мөн парламентын шинэ цагийн түүхэнд оруулсан хувь нэмрийг нь үнэлэх үүднээс эссэ бичлэгийн уралдаан зарлах зэрэг хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байна.” гэлээ.

Мэндийн Зэнээ агсаны төрж өссөн нутаг усныхан ч түүний 70 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр зэхэж байна. Төв аймгийн Бүрэн сумын баяр наадам 7 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд болох юм байна. Баяр наадамтайгаа хамтатган М.Зэнээ агсаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ гэдгийг тус сумын Засаг дарга Р.Очирбат хэллээ. Өнөөдөр Мэндийн Зэнээ агсантай хамт ажиллаж явсан үе үеийн УИХ-ын гишүүд, хотын дарга, удирдлагууд оролцсон дурсамж уулзалтыг мөн зохион байгуулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх