Н.Учрал: АН-аас Багшийн хөгжлийн тухай хуулийн завсарлагаа зогсоохыг шаардаж байна

2017 оны 06-р сарын 30 өдөр, 15 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uchral

УИХ-ын гишүүн Н.Учрал Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би өнөөдөр улс төр ярихгүйгээр ажил яримаар байна. Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхэлнэ. Олон жил бид боловсролын салбарын асуудлыг ярьсан. Тэр дундаа багш нараас олон зүйл шаардсан мөртлөө өнөөдөр багш нарт ямар ч боломж олгохгүй өдий хүрлээ. Багш, эмч нарын асуудлыг нэгдүгээрт тавих ёстой гэж ярьсны үндсэн дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багш, эмчийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг тодорхой хуульчилж зохицуулалтыг нь оруулж өгсөн. Тэр утгаараа Багшийн хөгжлийн тухай хуулийг нийслэл, 21 аймгийн 10 мянган багш нарын дунд гурван жилийн хугацаанд хэлэлцүүллээ. Ингээд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу УИХ-д өргөн барихад АН-ын бүлгийн зүгээс тав хоногийн завсарлага аваад гэдийгээд суучихлаа.  Хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж байхад “Бид үүнийг хэлэлцэхгүй” гээд байгаагаа одоо зогсоохыг албан ёсоор шаардаж байна. Монголын олон мянган багш нар хичээлийн шинэ жилээс өмнө хуультай болчих юмсан гээд хүлээж байгаа” гэлээ.

Төрийн албан хаагчийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Уг хуулийн төсөлд багш, эмчийн 36 сарын нөхөн олговор, удаан жилийн нэмэгдлийг  суулгаж өгөхөөр хуульчилсан байна. Иймд Багшийн хөгжлийн тухай хуулийг баталчихвал багш нарын цалин хөлс, урамшууллынх нь механизм нь шийдэгдэх боломжтойг ч УИХ-ын гишүүн Н.Учрал онцолсон юм. Мөн багш нар орон сууцны зээлд хөнгөлөлттэй хамрагдах, МУБИС-ийг төгссөн  залуу боловсон хүчин заавал багшлах эрхийн гэрчилгээ авах шаардлагагүй болох юм байна.

Улсын хэмжээнд ЕБС, их, дээд сургуулиудад 40 гаруй мянган багш ажиллаж байна. Мөн хуулийн төслийн хүрээнд СӨБ, ЕБС, их, дээд сургууль, албан бус боловсролын төв, хүүхдийн зуслан, тодорхой сургалтын төв, чийрэгжүүлэлтийн төвийн багшид хамаарах талаар ярьж байна. Үүнийг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн төвшинд ярилцаад явах юм байна.

Ж.Золоо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх