Ерөнхий сайд төрийн албан хаагчид руугаа дайрч, ард түмнээ талцуулахгүй байхыг уриаллаа

2017 оны 06-р сарын 26 өдөр, 16 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
45ba5c4dcd4b90cd69bb66f2a043d01c

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий, охины хамт Баянзүрх дүүргийн 25-р хорооны 1731-р хэсгийн санал өгөх байранд саналаа өглөө.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сонгуулиа өгсний дараа сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн өнөөдөр төрийн тэргүүнээ сонгох долоо дахь удаагийн сонгуульд саналаа өгцгөөж байна. Энэ өдөр бол манай улсын иргэд төрийн тэргүүнээ сонгохоос гадна Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохыг бататгах түүхэн өдөр юм. Иймд ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож, төрийн тэргүүнээ сонгоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Мөн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн албан хаагчид руу нэлээд дайрч байна. Төрийн албан тушаалтнууд бол ямагт төрийнхөө ажлыг үеийн үед шударгаар гүйцэтгэсээр ирсэн. Иймд 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан, тангараг өргөсөн төрийн албан хаагчид руугаа гүтгэлгийн шинж чанартай мэдээ мэдээллээр дайрч, ард түмнээ битгий талцуулаач гэж зарим улс төрийн хүчнээс хүсч байна” гэлээ.

Сонгуулийн дараа ард түмнийхээ олонхийн саналаар ялсан шинэ Ерөнхийлөгч Монгол Улсынхаа хөгжлийн төлөө УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүд улам баталгаажна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Баянзүрх дүүргийн сонгуулийн нийт 90 хэсэг буюу 217888 сонгогч байгаагаас 1731-р хэсгийн хороонд 2800 сонгогч санал өгөх юм.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлснээр 12:00 цагийн байдлаар Нийслэлд сонгуулийн ирц 19.6, Улсын хэмжээнд 21.3 хувьтай байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх