“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн хошууч Ганбаатарын Ариунбаатарыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.
Монгол Улсынхаа, монгол цагдаагийн нэрийг өндөрт өргөн, дэлхийд таниулж яваа түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүслээ.
Тэрбээр “BBC Cardiff Singer of the World 2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдааны дэлхийн шилдэг 20 дуучинд шалгаран, хоёр төрлөөр өрсөлдөж, Романсын төрөлд тэргүүн байр эзэлж, Ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм. Г.Ариунбаатар энэхүү уралдаанд Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” дууг дуулж, монгол хүний авьяас, монгол хөгжмийн гайхамшгийг дэлхийд гайхуулсан билээ.