Үндэсний бүтээн байгуулагчдыг битгий шах

2017 оны 06-р сарын 24 өдөр, 14 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dce92b451429edf7625b91e7cb9e7a2b

Цементийн үнэ гэнэт өссөн мэдээ сонгуулийн энэ ид үеэр “дайны хажуугаар дажин” гэгчийн юм болов. Зүв зүгээр мөрөөрөө байсан үнэ тонн тутамд 80 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Гэхдээ амралтын өдрөөр. Харин одоо бол буцаад тонн тутамдаа бууж байгаа. Үйлдвэрлэгчдээс авсан албан ёсны мэдээгээр бол үнэ нь хэвээрээ л байгаа аж. Харин яагаад үнийн хөөсрөл гарав. Энэ хэнд хамаатай, хэнд ашигтай, яах гэж үнийг хөөсрүүлэв?

Бид нэг үеэ бодвол баян болсон. Дотооддоо цемент үйлдвэрлэдэг “Хөтөл”-ийн үйлдвэр, МАК-ийн үйлдвэр дээр нь “Монцемент” гээд үндэсний үйлдвэрүүд бидэнд байна. Тэд хамтдаа улсаа 100 хувь цементээр хангаж чадна. Гэвч бид эндээ баярлан тойрон бүжиг хийх байдал урд хөршид таалагдсангүй. Тоо бодъё. Монгол улсын цементийн жилийн хэрэглээ 1,5 тонн. Даруй 70-80 хувийг нь урд хөршөөс нийлүүлж байв. Харин Үндэсний цемент үйлдвэрлэгчид гарч ирснээр гадагш урсах Монголчуудын мөнгө эх орондоо үлдэх болсон. Гэтэл зарим нэгэнд нь энэ таалагдахгүй байгаа бололтой шүү. Ченжүүдээр дамжуулан үнэ хөөрөгдөх бодлого явуулж үндэсний үйлдвэрлэгчдийн нэр хүндийг унаган улмаар Хятадаас цемент оруулж ирэхээс аргагүй болгох хөрс суурийг бэлдэж байна.

Ер нь манай зах зээлийн тогтолцоо нэг тийм “хар зах”-ын арга барилаар явагдаж ирсэн. Хаана юуг үнэтэй авна гэнэ тийшээ бариад гүйчихдэг. Эцэстээ ямар гарз хохирол гарах, юу болохыг тооцоолохыг ч хүсдэггүй. Готов нь авна уу Шадав нь авна уу хамаа алга гэдэг шиг л. Ченжүүд үнэ тогтоочихдог энэ үзэгдэл манайд эдийн засгийн дархлаа ямар сул болохыг харуулж байгаа юм.

Тэгээд нөгөө үнийн хөөрөгдөл, асуудал нь амралтын өдрөөр гарна. Яг сонгуулийн үеэр цемент тойрсон дуулиан дэгдэж эрчийг авчихлаа. Тэгсэн мөртлөө үнэ нь хэвээрээ байж байхад худал цуурхал тарсаар байдаг. Олон нийт юу юуны туханд хүрэлгүй аль хэдийнэ үндэсний бүтээн байгуулагчдаа хараан зүхээд эхэлчихсэн. Монголд “МАК”, “Монцемент” хоёр шиг нүдэнд хүйтэн компани байхгүй юм байх. Яагаад заавал энэ хоёр гэж? Хятадын хөрөнгө оруулалттай цемент үйлдвэрлэдэг компани ч манайд бий. Яахав, эзэд нь төрд зүтгээд ил харагдаж байна. Тодорхой хүний нэр цохож пост хийвэл “том амьтан”, улс төрчдийг хүмүүжүүлдэг мундаг эр болж харагдахад дөхөм.

Урд нь ямааны ноолуур бараг манай үндэсний баялаг болох хэмжээнд байхад хятадад махыг нь өндөр үнээр авч эхэлсэн. Мэдээж сүрэг сүргээр нь тууж очоод тушаачихсан. Төмөр, нүүрсийг мөн л ийм аргаар их хэмжээгээр авч байлаа. Тэрбум тэрбум юань гарган манай баялгийг шат дараалалттай зөөвөрлөхдөө гаргуудыг яана. Үнэгүй юм хавханд л байдаг гэж ярьсаар бичсээр байхад л байдгаа бариад гүйчихнэ.

АНУ-ын дараа ордог хүчирхэг гүрний нягт нямбай төлөвлөсөн тэнгэрлэг санааг бид барж идэхгүй нь мэдээж. Гэхдээ цэр нь цээжиндээ бөөр нь бөгсөндөө байвал ямар вэ? Алийн болгон хэдэн үндэсний бүтээн байгуулагчид, ачааны хүндийг үүрч яваа бизнес эрхлэгчдээ ноолж хөл дор нь булш ухах юм бэ.

Энэ жижигхээн монголоос төрөн гарсан “Үндэсний” тодотголтой цөөн хэдэн компаниудаа хайрламаар санагддаг юм. Айлын бүх хүүхдүүд 10 хуруу тэгш биш. Тэдэн дунд зүтгүүрийн депо шиг ардах хэдээ чирж явдаг хүүхэд магадгүй ганц, хоёр. Мэдээж юм хийдэг хүн хамгийн их зэмлэл хүртэнэ. Бид арай үндэсний үйлдвэрлэгчдэдээ хойт эхийн сэтгэлээр ханддаг юм биш биз дээ. Яс юман дээрээ үнээ тогтвортой барьсан эсэхдээ ч биш ямар нэг байдлаар өө сэв гаргавал загнахад “зодоход” бэлэн. Яаж эднийг мохоох вэ гэж бодож суудаг сэтгэл зүрхээ хойш нь тавибал ямар вэ. Үндэсний бүтээн байгуулагчдыг битгий шах. Харин ажилд нь оролцохгүй зүгээр л орхичих. Тэд учраа мэднэ.

Б.Ундрал 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх