Их бандида Типитакадхара Угандхамала хуварга манай улсад айлчлах гэж байна

2017 оны 06-р сарын 21 өдөр, 17 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5940cca96d2108.90138015

Бурхан багшийн  айлдсан 84000 цогц судрыг төгс эзэмшиж Типитакадхара цолыг хүртсэн Их бандида Типитакадхара Угандхамала хуварга манай улсад айлчлах гэж байна. Энэ  их хуварга Монголын Випашяна бясалгалын Дхамма Махаана төвийн  урилгаар 2017 оны 6-р сарын 26-наас 7-р сарын 5-ны хооронд Монгол оронд залрах гэж байна.

Их бандида Типитакадхара Угандхамала хуврагийн тухай товч өгүүлэхэд

Бурханы үед лам хуврагууд Випашяна бясалгалд шамдаж төгс гэгээрэлд хүрээд тэр л гэгээрэлд хүрэх аргыг шавь нарт заах үйл эрхэлдэг байсан бол зарим нь Бурханы айлдсан Ганжуурын гурван сав аймгийг хэсэгчлэн болон бүхлээр нь судалж цээжлэн тогтоогоод шавь нарт заан сургах гэсэн хоёр үндсэн үүрэгтэй байсан ажээ. Ганжуурын судрын аймгийг бүгдийг нь судлан цээжлэн тогтоосон хуврагт Бурхан Суттадхара буюу Судрыг эзэмшигч цол, Винайн аймгийг судалж цээжлэн тогтоосон хуврагт Винядхара буюу Винайн аймгийг эзэмшигч цол, Абидхаммагийн аймгийг судлан цээжлэн тогтоосон хуврагт Абидхаммадхара цол олгож байсан бөгөөд эдгээр гурван сав аймгийг гурвууланг нь судалж цээжлэн тогтоосон хуврагт Типитакадхара буюу гурван сав аймгийг эзэмшигч цолыг хүртээж байсан билээ. Лам хуврагуудын хийх ёстой үндсэн энэ хоёр чухал үүрэгт ажлыг өнөө ч гэсэн Бирм улсын лам хуврагууд гүйцэтгэсээр байгаа бөгөөд өнөө үед Випашяна бясалгал хийж гэгээрлийн шатуудад хүрсэн хувраг олон байгаагаас гадна Бурханы айлдсан Ганжуур Данжуурын судруудыг бүхлээр нь төгс судалж цээжлэн тогтоож Типитакадхара цол хүртсэн хувраг 20-21-р зуунд Бирм улсад 13 гарсан бөгөөд тэднээс өнөө үед Бирм оронд алдаршсан их хувраг бол Их бандида Типитакадхара Гандхамала хувраг юм. Энэ их хувраг нь 1968 оны 2-р сарын 19-нд Бирм улсын Мандалай хотод мэндэлсэн бөгөөд 9 настайдаа төрөлх хотын Буддын их хийдэд Шавилан сууж суралцаж эхлээд удалгүй ой тогтоолт хурц билгүүнээрээ онцгойрон шалгарч залуу хуврагуудын дунд зохион байгуулагддаг шалгалтанд 1-р байр эзэлж Ганжуур Данжуур цээжлэн судалж Типитакадхара болох амаргүй үйлсэд шамдаж Бирмийн хосгүй мэргэн лам нарыг түшиглэн суралцаж эхэлжээ. 1988 онд 20 настайдаа Гэлэн сахил хүртэж төгс хувраг болж буянт сүсэгтнүүдийн дэмжлэгтэйгээр ээлж дарааллан шалгалтуудыг амжилттай өгсөөр 2001 онд 33 настайдаа Бурханы айлдсан 84000 цогц судрыг төгс эзэмшиж Типитакадхара цолыг хүртжээ. Энэ их хуварга манай төвийн урилгаар 2017 оны 6-р сарын 26-наас 7-р сарын 5-ны хооронд Монгол оронд залрах гэж байна.

Их хувраг Типитакадхара Угандхамалагийн айлчлалын хөтөлбөр

❖ 6 сарын 26-нд Чингис хаан нисэх онгоцны буудалд өдрийн 12 цагт бууна

❖ 6 сарын 27-нд Випашяна бясалгалын Дхамма Махаана төвд айлчилж Том төвийн шав тавих зан үйлийг үйлдэж дараа нь бясалгагч нарт “Ганжуур ба Ганжуурыг эзэмшигч хувраг” сэдвээр ном айлдана

❖ 6 сарын 28-нд Бакула багшийн Бэтүв хийдэд “Винайн ёс болон Винайн аймаг” сэдвээр сүсэгтэн болон лам хуврагуудад ном айлдана

❖ 6 сарын 29-ны өглөө 9:00 цагт МУИС-ын дугуй зааланд олон нийтэд “Абхидхамма болон Абхидхаммагийн аймаг” сэдвээр сургаал айлдана

❖ 6 сарын 29-ны 14:00 цагт Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд “Судар хийгээд Судрын аймаг” сэдвээр ном айлдана

❖ 6 сарын 30-ны 16 цагаас Дархан хотын Comfort hotel-ын хурлын зааланд олон нийтэд ном айлдана

❖ 7 сарын 1-ны 12:00 цагт Эрдэнэт хотын Амгалан оршихуйн ордонын хурлын зааланд олон нийтэд ном айлдана

❖ 7 сарын 3-ны 12:00 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хурлын зааланд олон нийтэд ном айлдана

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх