Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км замыг 57у/м гүүрийн хамт шинээр барих” төсөл өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн У.Энхтүвшин, Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра болон бусад албан хүмүүс иргэд оролцлоо.
Арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү хэлсэн үгэндээ ” Нийслэлийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Өнөөдрийн шав тавьж буй 1.4 км, 57 у/м гүүр бол Улаанбаатар хотын автозамын мастер төлөвлөгөөнд тусгагдсан ажлын нэг юм. Тус гүүр нь Улаанбаатар хотын гадна тойрууг холбосон эх зам болох бөгөөд Баянхошуугаас эхлэн Гачууртын уулзвар хүртэл үргэлжлэх замын эхлэл болж өгч байгаагаараа ихээхэн онцлог юм” хэмээв.
Төслийн хүрээнд Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км замыг 57у/м гүүрийн хамт шинээр барих бөгөөд авто замын зорчих хэсгийн өргөн 14м, 4 эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа 2м өргөн ногоон байгууламж, 3м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн зам барихаар төлөвлөсөн. Тус зам нь хотын төвийг тойрсон гол гудамж байх бөгөөд ачаа тээврийн үндсэн урсгалыг жигд хуваарилан өнгөрүүлэх үүрэгтэй юм.
Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр ” Өнөөдөр гадна тойруу буюу Хайлаастаас Дарь-Эх хүртэлх урт гүүр, Орбитын уулзвараас Нарангийн гол хүртэлх 1.4 км замын ажил эхэлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 39 төсөл арга хэмжээ эхлээд явж байна. Үүнээс гадны төслөөр баригдаж буй Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Баянзүрхийн гүүр, Замын цагдаагийн дээгүүрх гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил эхлээд үргэлжилж байна. Мөн Өгөөжийн уулзвар, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Оргил супермаркетийн уулзвар, Авто плазагийн уулзварын ажлууд тус тус эхлээд явж байна”.
Энэ замыг барьснаар Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсч, хотын хойд хэсэг болон зуслан чиглэлийн авто замын ачааллыг бууруулж, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийг холбон гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хурдасгах чухал ач холбогдолтой юм. Төслийн хэрэгжүүлэгчээр “Мотор сервис” ХХК шалгарсан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 20-ноос 2017 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр 6 353 399 881 төгрөгийн гэрээ байгуулан, ажлаа эхэлж байна.