Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Өнөөдөр үдээс өмнө Мандал сумын иргэдтэй уулзалт хийсэн Ерөнхий сайд үдээс хойш Баянгол сумын иргэдтэй уулзаж, тэдний асуултад хариуллаа.
Манай Засгийн газар ажлаа аваад 10 сар орчим ажиллахдаа макро эдийн засгийг тогтворжуулж, эдийн засагт эерэг үр дүн гаргалаа. Эдийн засагт нэгэнт ногоон гэрэл ассан учир ирэх оноос цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасан гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Тэтгэврийг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс, цалинг 2019 оноос нэмэхээр шийдвэрлэсэн. Зөвхөн тэтгэврийн нэмэгдэлд гэхэд 150 тэрбум төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгалаа.
“Манай улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан нь зөв, Оюутолгой, Тавантолгой зэрэг ордоо хөдөлгөж, иргэддээ үр дүнг нь хүртээх цаг болсон” гэдгийг орон нутгийн иргэд хэлж Ноён уулаа хөндөхгүй байхыг захиж байлаа.
Уул уурхайн ордоо хөдөлгөхийн зэрэгцээ хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх ёстой. Бид өөрсдөө хийж чаддаг бүтээгдэхүүнээ хийж дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангая, цаашид гадаадад экспортолъё. Манай Сэлэнгэ нутгийн түмэн олон жинхэнэ эко гэдэг үр тариа, төмс, хүнсний ногоо тариалдаг гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Засгийн газар тариаланч, ногоочиддоо “Итгэлийн зээл” олгож, хүнсний ногооний зоорьтой болгоход дэмжлэг үзүүлнэ гэлээ.
Мөн уул уурхайн салбарт нөхөн сэргээх чухал. Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, түүхэн дурсгалт орд, газраа авч үлдэх шийдвэр гаргасан. Энд Ноён уулын асуудал ч багтаж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.