Австрийн судлаач, аялагч Хаанс Лэдэрийн (1843-1921) цуглуулсан эд өлгийн зүйлсийн тухай өгүүлэх “Эд өлгийн барилдлага: Хаанс Лэдэрийн мөрөөр” нэртэй үзэсгэлэнг судлаач, нийгмийн антропологич Мария Катарина Ланг санаачлан зохион байгуулж байна. Уг үзэсгэлэнгийн нээлт маргааш буюу зургадугаар сарын 21-нд Богд хааны ордон музейд болно.
Хаанс Лэдэр 1892 онд шавж судлаачийн хувиар анх удаа Монголд ирснээсээ хойш 1899 – 1905 оны хооронд хэд хэдэн удаа аялахдаа Монголын угсаатны зүй, Бурханы шашныг ихэд сонирхох болжээ. Лэдэрийн аялалын зам мөрийг харуулсан түүхэн газрын зургаас гадна эд өлгийн зүйлстэй холбоотой сүлжээ харилцааг илтгэх газрын зургийг шинээр бүтээсэн.
Өнөөдөр 4500 гаруй үзмэр Вен, Будапешт, Лайпциг, Хайдэлбэрг, Штутгарт, Берлин зэрэг төв Европын угсаатны зүйн музейдэд хадгалаатай буй. Лэдэрийн аваачсан эд өлгийн зүйлсийн фото зургийн цоморлигоос уг цуглуулгын тухай дэлгэрэнгүй харж танилцах болно.
Европ болон Монголд музей үүсч хөгжсөн ХХ зууны эхэн үеийн ээдрээтэй түүх хийгээд Судар бичгийн хүрээлэн, Богд хааны ордон музейн үүслийн тухай өгүүлнэ. Музейн үзмэр Монгол, Австри хоёр орныг холбох гүүр болохын сацуу Монголд байгаа ижил төстэй эд өлгийн зүйлсийн үүх түүх, дурсамж яриаг сэргээх юм. Богд хааны ордон музей болон хувийн цуглуулгын эд зүйлсийг хувь хүмүүсийн түүх яриатай зэрэгцүүлэн үзүүлнэ.
Уг үзэсгэлэнд сүм хийд, музей болон хувиран өрчлөгдсөн, 1990 оны улс төрийн шинэчлэлт, шашны эрх чөлөө сэргэснээс хойш музей – сүм хийдийн хосолмол хэлбэр бий болсон зэрэг сэдвийг мөн хөндөнө.
Төслийн цахим хуудас: www.nomadicartefacts.net
Үзэсгэлэнгийн нээлт, “Nomadic Artefacts. A Scientific Artistic Travelogue” номын танилцуулга
Нээлт: 2017 оны 6-р сарын 21
Үргэлжлэх хугацаа: 2017 оны 6-р сарын 21-ээс 7-р сарын 20
Үзэсгэлэн зохион байгуулагч: Мария Катарина Ланг
Хамтран зохион байгуулагч: Баатарнараны Цэцэнцолмон
Үзэсгэлэн дэглээч: Кристиан Штурмингэр
Хамтрагч байгууллагууд: Богд хааны ордон музей, Австрийн шинжлэх ухааны академийн Нийгмийн антропологийн хүрээлэн, Вен дэх Дэлхийн музей
Ивээн тэтгэгч: Венийн шинжлэх ухаан, технологийн сан (WWTF), Европ ази номхон далайн орнуудын их дээд сургуулиудын холбоо, Богд хааны ордон музей