Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн болж байна

2017 оны 06-р сарын 19 өдөр, 09 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
00

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээ өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд боллоо.

Тэмцээнийг Монголын шатрын холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар нар хамтран энэ сарын 17-26-ны өдрүүдэд зохион байгуулж буй юм.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, МШХ-ны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр болон Монгол, Өмнөд Солонгос, БНХАУ, Япон, Малайз, Индонез, Вьетнам, Сингапур, Тайвань, Хонгконг Улсын баг тамирчид, дасгалжуулагч, бусад албан төлөөлөгч нар байлаа.

Тэмцээний нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.

Тэрээр,

“Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, шилдэг тамирчдаа,

Зүүн Азийн Өсвөрийн Шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа баг тамирчид, зохион байгуулагч, сонирхогч, шатрын спортод хайртай та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг хүргэн мэндчилье.

Олон Улсад нэр хүндтэй энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Азийн шатрын холбооны гишүүн холбоонууд өрсөлдсөнөөс Монголын шатрын холбоо  шалгарч, Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын тэмцээнийг эх орондоо анх удаагаа зохион байгуулж байгаад баяртай байна.

Өнөөдөр дэлхий нийтээрээ шатрын спортыг шинжлэх ухаан, урлаг, спортын аль аль шинжийг өөртөө агуулсан “Оюуны спортын хаан” гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ спортоор хичээллэгчдийн тоо өдрөөс өдөрт өргөжсөөр байна. Хүн төрөлхтний түүхэнд шатрыг сонирхон тоглож хүмүүжил төлөвшлийн сайхныг мэдэрсэн хүмүүсийн жишээ олон байдаг. Агуу тоглогч, жинхэнэ шатарчин хүний шинж төрх нь яруу тод авьяас, даруу зан төрх, хурц мэргэн авхаалж, уян зөөлөн ааш зэрэг төлөвшлийг агуулсан байдаг хэмээн эртний нэрт шатарчид үздэг. Ийм учраас хүүхдийг багаас нь шатарт сургах нь зөв зүйтэй бөгөөд оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурч ажиллах, амьдрах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд шатар тоглох нь онцгой ач холбогдолтой юм.

Энэхүү гайхалтай спорт манай улсад 1930-аад оноос дэлгэрч эхэлсэн бөгөөд  1935 онд Эрхүү хотод зохион байгуулагдсан бүх Сибирын шатарчдын тэмцээнд Монгол улсаас Л.Санжаажамц, Ч.Дашням нар оролцсон нь Монголын тамирчид Олон Улсын түвшинд өөрсдийн мэргэн оюуныг сорих  анхны  шанг татсан үйл явдал болсон. Үүнээс хойш 31 жилийн дараа буюу 1965 онд Монголын тамирчин Түдэвийн Үйтүмэн анх удаа Олон Улсын мастер болж, Монголын шатарчдыг дэлхийд данстай болгож байсан түүх бидэнд бий.

Манай улсын өсвөрийн шатарчин охид хөвгүүд, дэлхийн аваргын тавцанд Монгол гэсэн нэрээ гарган, төрийн далбаагаа  олонтаа мандуулж байгаа нь 21-р зуунд Монголоос насанд хүрэгчдийн дэлхийн аваргатай болно гэдэгт миний бие итгэж байна.

Энэ удаагийн Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Зүүн Азийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 10 орны нийт 452 тамирчид мэргэн оюунаа сорин өрсөлдөж байна.

Манай сайхан эх оронд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт өсвөрийн шатарчид,  оюуны олимпын аваргууд, та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа спортын өндөр амжилт хүсэж, эрүүл энх, сайн сайхныг ерөөе. Монгол оронд тавтай морилно уу” гэлээ.

Мөн энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эхний нүүдлийг хийж тэмцээнийг эхлүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх