Өнөөдөр хүн төрлөхтний хамгийн том асуудал нь эдийн засгийн хямрал, дайн дажин, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, технологийн дэвшлийг дагасан элдэв асуудлууд биш харин “ХҮН” гээч үнэт зүйл жинхэнэ утгаараа үгүй болж байгаад оршино.
Учир нь том хүмүүс бид эрдэмтэй, авъяастай, нэр хүндтэй хүүхэдтэй болох дээр л анхаараад “нийгмийн иргэн” болохыг орхигдуулсан нь үнэн. Үүнтэй холбоотойгоор агуулга бус хэлбэр хөөцөлдсөн хэд хэдэн үеийг бий болгочихоод байгаа нь дээрхи асуудлуудын жинхэнэ “эзэд” юм.
Бид жижиг байшинд олуулаа амьдардагаа болиод том байшинд цөөхүүлээ амьдардаг болсон. Хэн нэгэнтэй нүүр тулж ярилцахын оронд олон нийтийн сүлжээ, гар утасны захиа, яриагаар харилцаагаа хязгаарладаг болсон.
Гэтэл хүн гэдэг “амьтанд” хэн нэгэнтэй харилцах, үзэл бодлоо илэрхийлэх, өөрөөрөө бахархах, бусадтай өрсөлдөх, хайрлах, халамжлуулах, хариуцлага хүлээх, бие бялдарынхаа хүчийг үзэх, ямарваа нэгэн зүйлийг өөрийн биеэр бүтээх байгалийн хүсэл эрмэлзлэл, хэрэгцээ байсан, байгаа, байх ч болно.
Тэгвэл бидний хүүхдүүд энэ бүх хэрэгцээгээ хэрхэн хангаж байна вэ? Таны машины арын суудал, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн толгой эргэм мэдээллүүд, хааяа нэг тааралдах “амьд” харьцаа, нийгмийн сүлжээний хяналтгүй орчин, биеийн тамирын хичээл, сургуулийн орчингоос бүрэн дүүрэн авч чадах уу? Үгүй л болов уу?
Харин 110 жилийн түүхтэй скаутын хөдөлгөөний анхан шатны нэгжийн гишүүн байж хамт олны дунд дэвшилттэй урамшууллын хөтөлбөр /өнөөх цамцан дээр байдаг олон эмблемүүд хүүхдийн хөгжлийн илэрхийлэл байдаг/-өөр дамжин өөрийгөө хөгжүүлснээр бий болдог.
Анхан шатны нэгжийн гишүүн байснаар хичээлийн нэг жилийн дотор 26 удаагийн /3 нь аялал, зугаалга байна/ бүлгийн ажилд хамрагдан өөрийгөө хөгжүүлж, хамт олныхоо дунд хариуцлага хүлээж, бусдынхаа өмнөөс хичээж, зөв өрсөлдөөн, эмх журам, амьд харьцааг мэдрэхийн хамт шинэ зүйлсийг сурч, амьдралд хэрэгтэй мэдлэг, дадал, чадвар олж авдаг юм. Энэхүү бүлгийн ажил бол миний бодлоор скаутын хөдөлгөөний 75% нь бөгөөд үлдсэн 25% нь Жембори, аялал, зуслан, цугларалт гэх зүйлс бөгөөд үүнийг өөрийгөө хөгжүүлж байгаа хүүхдэд өгч байгаа шагнал, өөрийгөө сорьж үзэх шалгуур, бусадтай харьцуулан харах туршилтын талбай гэж ойлгууштай санагддаг.
Хүний хөгжлийг оюун ухааны (эрдэм мэдлэг), оюун санааны (сэтгэл хөдлөл), бие бялдрын, нийгмийн гэх мэт олон зүйлээр тодорхойлдог бөгөөд скаутын хөдөлгөөн өөрийн аргуудаар дамжуулан бүгдийг тэгш бий болгодог хэмээн үздэг.
Хүүхдүүд анхан шатны нэгжийн гишүүн байснаар хамт олны дунд хөгжиж, хариуцлагатай иргэн болох боломжоор хангагддаг, тэд насанд хүрэгчдийн (скаут мастер) дэмжлэгийг авснаар аль болох бага алддаг, тэд скаутын зэрэглэлээ ахиулах зөв өрсөлдөөнд өөрийгөө сорьж дайчин, мятрашгүй бас тэмүүлэлтэй нэгэн болдог, тэд скаутын андгай өргөж скаутын зарчим, хуулийг амьдралдаа мөрдлөгө болгосноор өөрийн оюун санааны үнэт зүйлтэй, мөрдөх замналтай болдог, тэд байгаль дээрхи үйл ажиллагаануудаар дамжин эх дэлхийгээ хайрлах, түүнтэй зохицон амьдрах, ямарваа бэрхшээл тохиолдоход богино хугацаанд зөв сонголт хийх чадвартай болдог, тэд өөрийн биеэр бүх зүйлийг хийж туршиж энэ явцдаа суралцан, хөгжиж бүтээлч нэгэн болдог юм. Саяны хэдэн өгүүлбэрүүдэд скаутын хөдөлгөөний үндсэн аргууд багтсан болно.
Өнөөдөр Монголын Скаутын Холбоо гэдэг төрийн бус байгууллага дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нэгэн дуугаар хүүхдийнхээ хүмүүжил, иргэн болох явцыг даатгаад байгаа НҮБ-ийн дараа ордог хамгийн том хүүхдийн хөдөлгөөнийг Монголдоо нутагшуулж, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд бүрд хүрэхийг хичээн ажиллаж байна.
Хэрэв та бүхэн хүүхдээ скаутын хөдөлгөөний гишүүн болгож скаутын хөтөлбөрийн дагуу хөгжүүлэхийг хүсвэл сургуулийн удирдлагууд болон эцэг эхийн зөвлөлөөр нь дамжуулан Монголын Скаутын Холбоонд 11-324171, 99960606, 88024353 утсуудаар дамжин хандаарай. Бид хүсэлтийг хүлээн авч багшийг нь бэлтгэж, арга зүйн дэмжлэг өгч ажиллахдаа байнга баяртай байх болно.
Мөн 07-р сарын 27-ноос 08-р сарын 02-ны өдрүүдэд “Найрамдал” зусланг түшиглэн зохион байгуулагдах Ази Номхон Далайн бүсийн 31-р Жемборид хамруулаарай. Дэлхийн 40 гаруй улсын 2000 скаут, Монголын 21 аймаг 9 дүүргийн 4000 скаутууд хамтдаа байх майхант зуслан, хөгжлийн талбар танай хүүхдэд таалагдана гэж найдаж байна.
Хүүхэд бүрийг сайн иргэн болгож чадвал ирээдүйн дэлхий ертөнц илүү сайхан, илүү амар амгалан болох болно” гэж бичжээ.