Бээжин дэх Австрийн элчин сайдын яамны Соёлын Форум энэ жил Гёте Хөгжмийн Танхим, Гёте Институт, Монгол Улсын Филармони, Жазз Клуб, ЖаззЛаб хөгжмийн агентлагтай хамтран Австри-Монголын Хөгжмийн Фестивалийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах гэж байна. Энэ талаар Бээжин дэх Австрийн элчин сайдын яамны Соёлын Форумын захирал Арнолд Обермэйэр, Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхим буюу GMUB төслийн удирдагч багш Мартин Зенкер, ЖаззЛаб хөгжмийн агентлагийн тэргүүн Т.Мандухай нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хоёр улсын хөгжмийн фестивалийн хүрээнд энэ сарын 11-ний ням гарагт Сөүлийн гудамж дахь “Шөнийн гэрэлт Улаанбаатар”-ын тайзнаа Австрийн нэрт хөгжимчин Майкл Эрианий жазз квартет, Монголын Жазз Трэйн хамтлаг нээлттэй тоглох юм. Мөн энэ өдөр UB Jazz Club-т чөлөөт тоглолтыг (Жэм сэйшн) хоёр улсын хөгжимчид толилуулах аж.
Харин энэ сарын 12-ны даваа гарагт өдөр Австрийн удирдаач ноён Маттиас Флецбергер Монгол Улсын Филармонийг удирдан тоглуулна. Энэ үдэш Баянмонгол чуулга мөн уран бүтээлээ хүргэхийн зэрэгцээ Майкл Эрианий жазз квартет, Жазз Трэйн хамтлагууд ч хүрэлцэн ирж, иргэдэд үнэ төлбөргүй толилуулах юм. Эдгээр арга хэмжээний дараа Австрийн хөгжимчид Хөгжим бүжгийн коллежийн Монгол оюутнуудтай уулзах юм.
Австри-Монгол хоёр орон хөгжмийн салбарт нягт хамтын ажиллагаатай байдгийн нэг тод илрэл нь энэхүү хөгжмийн фестиваль юм. Үүнээс гадна соёлын форумын хүрээнд энэ сарын 11-14-ний өдрүүдэд мөн Австрийн бизнесийн төлөөлөгчид Монголд албан ёсны айлчлал хийж, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.