Г.Чулуунбаатар тамгаа гардаж авлаа

2017 оны 06-р сарын 09 өдөр, 16 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
PX2A3031
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдаар академич Г.Чулуунбаатар томилогдож, тамгаа гардлаа.  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдад нэр дэвшигчийг томилуулах саналаа өнөөдөр /2017.06.09/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Улмаар академич Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.2 хувь нь дэмжин түүнийг БСШУС-ын сайдаар томиллоо.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат академич Г.Чулуунбаатарт тамгыг хүлээлгэн өгсөн бөгөөд тэрбээр “Хэдийгээр хариуцлага алдсан хэмээн салбарын сайд нь огцорсон боловч өнгөрсөн хугацаанд өрнөсөн бүх асуудал ганц сайдын буруугаас  болоогүй юм шүү. Үүнийг БСШУСЯ-ны бүх ажилтан, албан хаагч, дарга, удирдлагууд дор бүрнээ сайтар тунгааж бодоорой. Салбарын сайд огцорсноор асуудал  шийдэгдэхгүй. Тиймээс шат, шатандаа хариуцлага тооцох асуудал байгаа гэдгийг зориуд тэмдэглэн хэлмээр байна. Ажлаа хүлээж авсан сайд та Монгол Улсын зүрх, тархи болсон хамгийн чухал салбарт алдаа, дутагдал гаргалгүйгээр хурдтай, ёсзүйтэй, хариуцлагатай ажиллахыг хүсье” гэв. Харин БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Миний ажил асуудлыг оношлохоос эхэлнэ. Өөрөөр хэлбэл, БСШУСЯ-ны дотор болон гадна өрнөж буй үйл явдал, алдаа дутагдал, болохгүй байгаа асуудал юунаас эхтэй вэ гэдгийг оношлохоос эхэлнэ. Гэхдээ зөв оношлох хэрэгтэй. Түүний дараа хариуцлагын асуудал яригдана. Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил ажилласан хүний хувьд би энэ салбарыг гадарлана. Гэхдээ багш, судлаач байх нь төрийн бодлогыг хэрэгжүүлэхээс ялгаатай ажил юм. Тиймээс баг, хамт олныхоо тусламж, дэмжлэгтэйгээр сайн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэв. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх