Хөгжлийн бэрхшээлийн тухай зөв ойлголт төлөвшүүлэхэд “онцгой” найз тусална

2017 оны 06-р сарын 09 өдөр, 15 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nom

Бага насны хүүхдүүдэд зориулсан хоёр хөөрхөн ном уншигчдынхаа гарт очиж байна. “Бөөлхөний зүүдний найзууд” номыг хүний эрхийн активист Б.Энхжаргал бичжээ.

Нөгөө ном нь “Миний онцгой найз” гэсэн нэртэй. Уг хоёр номыг НҮБ-ын Хүүхдийн сан,Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос санхүүжүүлэн дэмжжээ. Бидний амьдарч буй нийгэмд хүн бүр өөр. Хүмүүсийн гадна төрх байдал, зан ааш гээд бүх юм өөр. “Бурхан чамайг ганцхан хувь бүтээсэн. Тийм болохоор чиний хурууны хээ хүртэл хэнийхтэй ч давтагддаггүй” гэж ярьдаг билээ. Бөөлхөн охин зүүдэндээ Ялгаатай байдлын улсад очжээ.

buulhunii

Тэр улс гайхалтай сонирхолтой аж. Хамгийн сайхан нь тэндэхийн хүмүүс сэтгэл сайтай, найрсаг. Тэнд урт хөлтэй хүн, том хамартай эмээ, хөлөөрөө зурдаг охин,хөлөндөө сэнстэй хүү гээд бусдаас ялгаатай хүмүүс тааралдана. Бөөлхөн цааш явж байтал хоёр том чихээ дэлгэн нисэж байгаа охинтой танилцана. Түүнийг Дээдий гэдэг. Номын үйл явдал цааш өрнөнө. Яг л хүүхэлдэйн киноны Данбо шиг нисдэг охин Бөөлхөнийг дагуулан өөрийн хоттой танилцуулна. Тэд явсаар янз бүрийн онгоц хийдэг хүүтэй уулзаж,бүтээлийг нь сонирхоно. Харин хүү тэргэнцэртэй, түүнийг хэн ч тэргэнцэр дээр яагаад суудаг болов энэ тэр гэж сонирхохгүй. Яагаад гэвэл “Хүн бүхэн өөр” гэсэн хууль тэнд ч бас үйлчилнэ.

Зохиогч үүнийг хэлснээрээ хөгжлийн бэрхшээлийн талаар хүүхдүүд, томчуул хэн ч бай зөв ойлголттой байхыг эрхэмлэх учиртайг нийгэмд түгээжээ.Хүүхэд багачуудыг бусдын ялгаатай байдалд мэдрэмжтэй ханддаг,хүний эрхийг хүндлэн дээдэлдэг болгон хүмүүжүүлэхэд энэ ном тус нэмэр болох нь лавтай. “Миний онцгой найз”-ыг АНУ-ын хүүхдийн нэрт зохиолч Мерсер Майерийн бүтээлээс сэдэвлэн Б.Энхжаргал, Тэргэнцэртэй иргэдийг үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор нарын санаа нийлсэн хэдэн залуус хянан тохиолдуулжээ.

ontsgoi naiz

18813436_1566917646683892_3110576706076821217_n

Номын үйл явдал сургуулийн нэгэн ангид онцгой хүүхэд ирснээр эхэлнэ. Тэр хүүгийн тэргэнцэр дээр явдаг нь тоглох,найзлах, сурч боловсрох,хөгжихөд нь өчүүхэн ч саад болохгүй. Ангийнхан нь түүнтэй найрсаг дотно нөхөрлөж, түүнийг хайрлан хүндэлнэ. Тэр хүү бусдын л адил жирийн хүүхэд. Хүн болж төрсний хувьд бусдыг хүнээр нь харах,хайрлах,хүндлэх мэдрэмжийг хүүхэддээ бий болгоход энэ ном хүмүүст хэрэг болно.

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх