Дэлхийн гадаргын 70 хувийг ус бүрхдэг ч нийт усны зөвхөн нэг хувь нь ундны усанд тохиромжтой. 2020 он гэхэд дэлхийн долоон тэрбум хүний 47 хувь нь цэвэр усны хүрэлцээгүй нөхцөлд амьдарна гэсэн Олон улсын байгууллагуудын тооцоо бий. Манай улсын усны нөөц 608.000 сая шоо метр.
Энэ нь дэлхийн усны нөөцийн 0.0004 хувь юм. Энэ баримт ундны усны зохистой хэрэглээг бий болгох, Монгол Улсын стандарт нормд тохирсон олон улсын хэмжээнд ашиглагдаж буй шинэ техник технологи бүхий ус хэмжигч хэрэгсэлийг нэвтрүүлэхийг сануулдаг билээ.
Харин “Дэд бүтэц инженеринг” ХХК өнөөдөр (2017.06.07) Lpwan технологи бүхий “Дэд бүтэц телематик” удирдлагын төвөө нээлээ. Нээлтийн ажиллагаанд ОХУ-ын “Арзамасский приборостроительный завод имени П.И.Пландина” буюу “АПЗ” үйлдвэрийн удирдлагууд оролцсон байна. Монголд анхных болох Lpwan технологи бүхий энэ төв нь нийслэлчүүдийн ундны усны хэрэглээг алдаагүй хянаж чадах юм.
Монгол Улсын нийт хүн амын 30.5 хувьд төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс ундны усаа авч хэрэглэдэг бол зөвхөн Улаанбаатарчууд ундны усны нөөцийнхөө 20 хувийг тоолуургүйн улмаас сул асгаж, урсгадаг гэсэн тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг.
Харин “Дэд бүтэц телематик” удирдлагын төвийн хяналтад багтаж байгаа стриж “Аква 1” ухаалаг тоолуурыг тавьсан айл өрхүүд гар утсанд суурилсан аппликейшны тусламжтайгаар ундны усны хэрэглээний мэдээллээ өдөр, сар бүр үнэгүй авдаг болж байна. Нөгөө талаар орон сууцны конторууд хэрэглэгчдийн хэрэглээний заалтын мэдээллээ компьютерт суулгасан программын тусламжтайгаар бүрэн гүйцэд авч эхэлжээ.
Ингэснээр орон сууцны конторын ажилчид сар бүр айл өрхийн хаалгыг тогшихгүй болж, айл өрхүүд ч ажил амралтын өдрөөр хаалга үүдээ тогшуулж, ариун цэврийн өрөөний буланд байх тоолуур жижиг заалт руу тонголзохгүй болж байгаа юм.
Стриж “Аква 1” ухаалаг тоолуур нь ОХУ-ын”Арзамасский приборостроительный завод имени П.И.Пландина” буюу “АПЗ” үйлдвэрийн бүтээгдэхүүн. 1957 онд байгуулагдсан тус үйлдвэр цэргийн болон иргэний гэсэн хоёр ангилалаар үйлдвэрлэл явуулдаг бөгөөд 2014 оноос Монголд тоолуур нийлүүлж эхэлсэн байна.
Б.АНИР