116 дугаар сургуулийн сурагчдын гомдлыг шалгана

2017 оны 06-р сарын 07 өдөр, 13 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
munkhbat

Сургуулийн захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй, зарим багшийн  ур чадвар муу зэрэг үндэслэлээр 116 дугаар сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан. Мөн хэвлэлийн бага хурал хийн сургуульдаа үүсээд байгаа асуудлын талаар ч нийтэд хандсан юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, удирдах албан тушаалтнууд, Нийслэлийн Боловсролын газрын дарга болон сургуулийн захирал, багш нарын төлөөлөлтэй уулзлаа.

Тэрээр сурагчдын гомдол үндэслэлтэй эсэхийг тогтоох Ажлын хэсэг байгуулж, ажилд нь оруулан, дүгнэлтээ Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд даалгалаа. Гомдол үндэстэй бол захирал, холбогдох багш нарт хариуцлага тооцно гээд Ажлын хэсэг аль нэг талыг барьж ажиллахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Энэ шалгалт хэн нэг хүн, багшийг захиалгаар, зохион байгуулалттайгаар ажилгүй болгож хэлмэгдүүлэх гэж байгаа хэрэг бус гэдгийг ч сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэгч Ж.Мөнхбат тодотголоо. Цаашид боловсролын салбарт иймэрхүү алдаа дутагдал гарах ёсгүй, асуудал байвал дотооддоо ярьж, харилцан ойлголцож, ажлаа хэвийн явуулж байх хэрэгтэй гэдгийг сургуулийн захирал, багш нарт зөвлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх