Монгол Дагуурын дархан цаазат газрыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлнэ

2017 оны 06-р сарын 05 өдөр, 13 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
darhan

Польшийн Краков хотноо ирэх долдугаар сард болох ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн ээлжит 41-р чуулганаар Дагуурын ДЦГ-ыг   дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхээр холбогдох баримт бичгийг дэлхийн өвийн хороонд хүргүүлээд байна.  Монгол Дагуурын ДЦГ-ыг Дагуурын амьтан, ургамлын төрөл зүйлс тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор 1992 онд байгуулжээ. Уг дархан цаазат газартай  хил залгаа ОХУ-ын нутагт “Даурский” дархан газар  оршдог.  Нүүдлийн шувуудыг хамгаалах зорилгоор 1997 онд Орос, Хятад, Монголын хамтарсан дархан газрыг байгуулсан байна. Мөн 1994 онд Рамсарын конвенцийн жагсаалтад бүртгэгдсэн.

Дэлхий нийтэд хамгаалах ёстой өвөрмөц газар нутаг гэж зарласан 200 экобүсийн тоонд Монгол Дагуурын ДЦГ ордог байна. Байгаль орчны сайдын 1993 оны 28 дугаар тушаалаар тус бүс нутагт байгаа дархан цаазат газар болон байгалийн нөөц газруудын хамгаалалтын үйл ажиллагааг хариуцан ажиллуулахаар “Дорнод” УТХГН-ийн хамгаалалтын захиргааг Дорнод аймгийн Чойбалсан хотод байгуулж байв.

Дагуурын байгальд   цагаан зээр хэдэн зуугаараа сүрэглэн бэлчдэг нь туурайтан зэрлэг том амьтдын сүрэглэн нүүдэллэх сүүлчийн үзэгдлийн нэг бөгөөд үүнийг өнөөдөр гагцхүү Монголын тал хээр, Танзани улсын Серенгетийн талаас олж үзэх боломжтой юм.

Нийт 103 016 га талбайг хамрах Монгол Дагуурын дархан цаазат газар      “А” ба “Б” гэсэн хоёр хэсэгтэй. Дагуурын чийглэг тал хээр, болон том жижиг нуур, цөөрөм, гол, горхи намгархаг газар бүхий энэ орчин Зүүн өмнөд Азиас, Хойд мөсөн далай хүртэл нүүх шувуудын буудаллах газар, халуун орны олон зүйл усны болон эргийн шувуудын өндөглөн зусах газар болдгоороо онцлогтой билээ. Тийм ч учраас биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улс орны төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн хэмжээнд ач холбогдолтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх