“Эхийн алдар” биш “Эх,эцгийн алдар” одонтой болгоё

2017 оны 06-р сарын 02 өдөр, 13 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
huuhdiin

Жил бүрийн 6 дугаар сарын 1 бол балчир үрсээ баярлуулдаг тэнгэрлэг сайхан өдөр.

1925 онд Женев хотод болсон хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан түүхтэй. Манай улс 1952 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баярын өдөр” болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан байна. Харин ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Хүүхдийн баярын өдрийг “Эх үрсийн баяр” болгосон нь эдүгээ тэр чигээрээ байгаа билээ. Эх үрсийн баяраар манай дарга нар хот хөдөөгүй төв талбайдаа цугларч хүүхдүүдэд баяр хүргэж,өвөр дээрээ суулгаж,бэлэг өгдөг уламжлалтай.

Энэ жилийн хувьд цаг агаар хуйсагнасан сэрүүвтэр байсан ч хүүхдүүд аав ээжтэйгээ хөтлөлцөн баяр хөөрт умбаж байлаа. Олон хүүхэд төрүүлсэн ээж нар Төрийн ордонд ирж Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одон гардлаа. Баяр болдгоороо болоод өнгөрөв.

Харин нэг зүйлийг бодоход илүүдэхгүй санагдсаныг хэлье. Оросууд бид нартай адил Хүүхдийн баярыг тэмдэглэн,үр хүүхдээ баярлуулдаг. Гэхдээ тэд энэ өдрийг ээжүүд,хүүхдүүдийн гэхээсээ илүү гэр бүлийн баяр гэдэгт ач холбогдол өгдөг аж. Энэ жилийн хүүхдийн баяраар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эх орныхоо өнцөг булан бүрээс уригдан ирсэн өнөр өтгөн гэр бүлүүдийг Кремлийн ордонд хүлээн авч байгааг телевизээр харав.

putin

Сэтгэл хөдөлмөөр сайхан дүр зураг. 7-14 хүүхэдтэй ээж аав нарыг хүүхдүүдийнх нь хамт урьжээ. Тэд ямар их аз жаргалаар бялхаж байх нь гайхалтай. В.Путин үр хүүхдээ сайн сайхан руу хөтөлж яваа ээж аав нарт талархал дэвшүүлээд, “Эцэг,эхийн алдар” хэмээх хамгийн нэр хүндтэй шагналыг гардуулав.

Тайзан дээр бүх хүүхдээ дагуулан гарч ирээд төрийн тэргүүнээсээ одон гардаж байгаа ээж,аавууд үгээр илэрхийлэх аргагүй баярлаж байх юм. Манайд бол ээж л одонгоо зүүгээд баярлаад байдаг.

Харин аав болох ёстой юм болж байна гээд л одонг нь мялаах гээд хүлээж зогсох. Магадгүй гомдолтой ч байдаг байж болох. Уг нь гэр бүл элэг бүтэн байхдаа л гоё. Гэр бүлийг баярлуулан дэмжинэ гэдэг төрийн ухаалаг бодлого юм байна.

Тэгэхээр “Эхийн алдар” одонтой дүйцэх “Эх,эцгийн алдар” одон байхад яагаад болохгүй гэж. Гэр бүл гэдэг аав,ээж,үр хүүхдүүдийн бат цул нэгдэл гэдгийг бодох л ёстой.

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх