Маргааш дэлхий нийтээрээ тамхидалттай тэмцэх өдөр. Тамхи таван нас хорооно, архи арван нас хорооно гэж өвөг дээдэс маань сургасан билээ. Гэтэл хүн төрөлхтөн тамхитай найзалсаар байх аж. Тамхидалт бол зүрх,судасны тогтолцооны үйл ажиллагаанд хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлдэг. Тамхи татдаггүй хүмүүсийг бодвол тамхичид зүрх,судасны өвчлөлд хэд дахин илүү өртдөг. Олон жилийн турш тамхи татсанаас цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ эрс буурч (архаг гипоксеми), судас хатуурлын товруунууд олноор үүсэхэд нөлөөлдөг. Тамхины утаанд агуулагдах никотин болон бусад хорт бодисуудын улмаас цусан дахь катехолин ба судасны дотоод даралт нэмэгдсэнээс бодисын солилцоо хямарна, судас агшина. Үүнээс болж илүү их хэмжээний хүчилтөрөгч шаардагддаг.
Тамхины утаан дахь угаарын хий нь зүрх болон амьдралын чухал бусад эрхтнүүдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг эрс бууруулна, үүнээс болж “хүчилтөрөгчийн өлсгөлөн”-д нэрвэгдэнэ.
Тамхины бас нэг хөнөөл нь цусыг өтгөрүүлж, бүлэгнэлтийг ихэсгэнэ. Хуралдсан бүлэн тасарснаас тархины цус харвалт, зүрх болон уушгины хурц шигдээс үүсгэнэ. Тухайн эрхтнүүдийн үйл ажиллагаа цочмог хямарсны улмаас гэнэтийн нас баралт тамхичдад 5 дахин илүү тохиолддог.
Тамхидалтаас болон цусан дахь өөх тосны хэмжээ ихсэж, зүрхний титэм судсанд их хэмжээний судас хатуурлын товруу үүссэнээс, зүрхний цусан хангамж доголдоно.
Зүрхэнд очих ачаалал нэмэгдэнэ, артерийн даралт ихэснэ. Тамхинаас хэдийчинээ эрт татгалзаж чадна, өөрийн эрүүл мэндийг хамгаалж чадна. Ер нь хэрэггүй хэрэглээг хаячих хэрэгтэй.
Баянзүрх дүүргийн зүрх,судасны эмч Г.Мөнхтуяа