Монголын эдийн засагт “ногоон гэрэл” аслаа

2017 оны 05-р сарын 26 өдөр, 18 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mongoliin
Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл 2017 оны 5-р сарын 24-ний өдөр хуралдаж, Монгол Улсад зориулж 3 жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан өчигдөр Сангийн яамнаас хэвлэлийн хурал зарласан юм.

-Одоо хэрэгжүүлэх гэж буй уг хөтөлбөр хэрэгжснээр манай улсад ямар нөлөө үзүүлэх вэ?


Сангийн  сайд Б.Чойжилсүрэн: –
Та бүхэнд өмнө мэдээлж байснаар Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөр гурван жилийн хугацаатай бөгөөд ОУВС 314.5 саяын зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын санхүүжилтээр дэмжинэ. Хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийг тогтворжуулж, сэргээх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн. Мөн төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн зарлагын үр ашгийг сайжруулах замаар дунд болон урт хугацаанд төсвийн алдагдлыг үе шаттай бууруулж, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Засгийн газрын хөтөлбөрийг олон улсын бусад түнш мөн дэмжиж, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Япон, БНСУ, БНХАУ-аас нийтдээ 5.5 тэрбум орчим ам.долларын урт хугацаа, багахүү, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн санхүүжилт Монгол Улсад оруулж ирнэ. Ингэснээр эдийн засгийн өндөр, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах орчин бүрдэхийн зэрэгцээ эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд голлох дэмжлэг болох юм.

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер: –Монгол Улсын хувьд тулгарсан хүнд нөхцөлд туслалцаа үзүүлж олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд хамтран ажиллахаар шийдсэн. Хөтөлбөрийн санхүүжилттэй уялдан Монгол Улс бүс нутгийн бусад орноос дэмжлэг авч чадсан нь хөтөлбөр батлахад чухал нөлөө үзүүлсэн. Нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орох бөгөөд хувийн хэвшлийн санхүүжилт нэмэгдвэл зургаан тэрбум гаруй ам.доллар болно. ОУВС-гийн үйл ажиллагааны түүхэнд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрийг ДНБ-тэй харьцуулахад хамгийн томд тооцож болохоор байна. Хөтөлбөрийн үндсэн зорилт нь эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, урт хугацаанд хүртээмжтэй өсөлтийг бий болгоход оршиж байна. Мөн сүүлийн 15 жилд Монгол Улсын эдийн засагт ажиглагдсан өндөр өсөлт, огцом уналтын мөчлөгийг таслан зогсооно. Цаашид эдийн засгаа найман хувиар тогтвортой өсгөх  бололцоо Монгол Улсад бий. Засгийн газраас төсвийн алдагдлыг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө гарган Төсвийн зөвлөлийг байгуулж, татварын орчинд дүн шинжилгээ хийж, зардал нэмэгдүүлэхгүй байх боломж бүрдүүлнэ гэж төлөвлөсөн. Хөтөлбөрийн дараагийн зорилго нь банкны системийг эрүүлжүүлэх, Монголбанкны хяналт шал­галтыг боловсронгуй болгох, засаглалыг бэхжүүлэх явдал юм. Энэ бүх үйл ажиллагааны зорилго нь хангалттай хэмжээний өө­рийн хөрөнгөтэй, тогтвортой банкны системийг бий болгож эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэнэ. Үр дүнд нь зээлийн хүү буурна гэсэн найдвар байна. Гуравдугаар тулгуур хэсэг нь нийгмийн эмзэг бүлгийн хамгаалалтыг бууруулахгүй, нийгмийн халамжийг аль болох зорилтот бүлэгт чиглүүлж, ядуу эмзэг бүлгийнхэнд татварын нэмэгдлийн ачааллыг үүрүүлэхгүй байхад анхаарч байна.

Монгол Улсын цаашдын ирээдүйн хувьд бид өөдрөг бодолтой байгаа. Эдийн засгаа солонгоруулах бусад нөөц байгаа учраас бүх бололцоогоо ашиглахын тулд Засгийн газартай тохи­ролцсон энэ хөтөлбөрийг бү­рэн дүүрэн хэрэгжүүлэх нь чухал байна.

-Засгийн газрын зүгээс тус хөтөлбөрт зориулж ямар арга хэмжээ авч ажиллаж  байгаа вэ?
Засгийн газрын зүгээс уг хөтөлбөрийн зорилтод нийцсэн энэ оны төсвийн тодотгол болон бусад шаардлагатай төсвийн арга хэмжээг өргөн барьж, УИХ баталсан. Мөн санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалын үр ашгийг сайжруулах үүднээс банкуудын активын чанарын үнэлгээг олон улсын стандартын дагуу хийлгэх, ипотекийн хөтөлбөр болон төсвийн гадуур хэрэгжүүлж байсан төсвийн шинж чанартай бусад төсөл, хөтөлбөрийг зохистой хэлбэрт шилжүүлэх ажлыг тус тус эхлүүлж урьдач нөхцөлийг бүрдүүлсэн. Засгийн газар, Монголбанк “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх талаар хэлэлцээрийг амжилттай хийснээс хойш Засгийн газрын баталгаатай, Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийг шийдвэрлэж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийн дунд хугацааны төлөв тогтвортой буюу  Саа1 болж сайжраад байна. Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтэд Засгийн газар, ОУВС хамтран улирал тутамд үнэлгээ өгч ажиллана.

ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ САНХҮҮЖИЛТ 38.6 САЯ АМ.ДОЛЛАР
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан ч эдийн засаг нь сэргээгүй улс орон байдаг гэсэн. Түүний шалтгаан нь юу байдаг юм бэ?

Нийл Сакер: 
-Улс орон бүрэн өөрсдийн нөхцөл байдалд тохируулж хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. ОУВС-гийн зүгээс хөтөлбөрийг гаргахдаа иж бүрэн тусгалаа олсон байдаг. Түүнээс гадна хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад байнгын үнэлгээнд хамруулдаг. Тиймээс Монгол Улсын эдийн засагт улирал тутамд үнэлгээ хийнэ. Үнэлгээ хийх явцдаа холбогдох өөрчлөлтийг оруулдаг. Үнэлгээ хийсний дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн бол ОУВС-гаас зөвлөмж гаргадаг. Хөтөл­бөрийг хэрэгжүүлсэн дэлхийн олон орны туршлагаас харахад Засгийн газрууд нь анх тохирсноороо хөтөл­бөрийг хэрэгжүүлэхгүй байсан. Гэхдээ Монгол Улсын хувьд бид өөдрөг үзэлтэй байгаа. Бид маш том зорилтыг дэвшүүлсэн ч хэрэгжүүлэх боломжтой. Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Монголбанкны зүгээс хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай хүнд боловч зоригтой шийдвэрүүдийг гаргаад явна гэдэгт итгэлтэй байна.

-Хөтөлбөрийн эхний санхүүжилт болох 38.6 сая ам.долларыг юунд зарцуулах вэ?

Нийл Сакер:
-Энэ хөтөлбөрийн мөнгө төсвийн алдагдалд шууд ордоггүй. ОУВС-гаас олгож буй санхүүжилт, ямар ч зээл тухайн улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд бус төлбөрийн тэнцэлийг дэмжихэд зориулдаг.  Тиймээс ОУВС-гаас эхний удаад олгох санхүүжилт Монголбанкны дансанд байршчихсан. Ингэснээр Монголбанкны валютын нөөц нэмэгдэнэ. Өнгөрсөн жилүүдэд валютын нөөц маш их хэмжээгээр багассан. Тиймээс үүнийг нэмэгдүүлэх нь хөтөлбөрийн нэг зорилт. Валютын нөөцийг нэмэгдүүлснээр эдийн засагт итгэх итгэл сэргэж, зээлийн зэрэглэл тогтоох байгууллагуудад нааштай үзүүлэлт болдог.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: -Өнгөрсөн оны төсвийн алдагдлыг 18.2  хувьтай батлуулсан. Гүйцэтгэлээр 15.3 хувьтай гарлаа. Энэ оны төсвийн алдагдлыг 10.4 хувьтай байхаар тооцож батлуулсан. Үүнийг илүү хурдтай огцом бууруулбал манай улсын эдийн засгийн өсөлтийг хангахгүй байх магадлалтай байгаа. Харин ирэх жил төсвийн алдагдлыг 9.5, түүний дараа жил 7.5, цаашлаад 5.5 гэх мэтээр бууруулж 2021 он гэхэд хоёр хувиас бага хэмжээнд оруулах төлөвлөгөөтэй байна.

-Хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах уу?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: -Одоогоор өөрчлөлт оруулна гэсэн төлөвлөгөө байхгүй. УИХ-ын сонгууль дөрвөн жилийн мөчлөгтэй 48 сар байдаг. Бид Засгийн газраа байгуулаад арав орчим сарыг өнгөрүүлж байна. УИХ-ын 2016 оны арваннэгдүгээр сарын 24-ний 71 дүгээр тогтоолоор эхний 18 сарыг эдийн засгийн уналтыг зогсоож, тогтворжуулан өсөлтийн суурийг тавихад зарцуулна. Энэ бодлогын хүрээнд ОУВС-гийн хөтөлбөрт  хамрагдахаар тохирсон.  Хөтөлбөрийн тооцооллоор 2016 оны хоёрдугаар хагас, энэ онд эдийн засгийг тогтворжуулж, өсөлтийн суурийг тавих юм. Үлдсэн хугацаанд УИХ, Засгийн газар маш хурдтай ажиллаж байж үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө биелүүлнэ гэсэн тооцоо байна. Дашрамд дуулгахад, Статистикийн албанаас мэдээлснээр энэ оны нэгдүгээр улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 4.2 хувьтай гарсан. Энэ бол муугүй үзүүлэлт. Ийм байдлаар бид цааш ажиллах юм бол мөрийн хөтөлбөрөө биелүүлэх бололцоотой болно.

-Эдийн засагт “ногоон гэрэл” аслаа гэж хэлсэн. Яг ямар үндэслэлээр дүгнэж байна вэ?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: -Хоёрдугаар сарын 16-ны өдөр бид ОУВС-гийн ажлын хэсэгтэй хөтөлбөр тохирсон тухай мэдээлэл хийсэн. Түүний дараа  олон улсын санхүүгийн зах зээл дээр гарч, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольсон. 124 сая ам.долларын бонд гаргах саналд хөрөнгө оруулагчид эхний ээлжид 3.3 тэрбум ам.доллараар Монгол Улсын Засгийн газрын бондыг худалдаж авах санал ирүүлсэн. Энэ бол эхний жишээ. Түүний дараа Канадын Торонто хотод болсон Монголын уул уурхайд хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн дээр “Монгол Улс ОУВС-тай хөтөлбөр тохирсон байна. Санхүүгийн сахилга баттай болж. Хөгжлийн замд гарсан юм байна” гэх мэтээр хөрөнгө оруулагчдын итгэл огцом сэргэсэн байсан. Энэ мэт олон жишээг дурдаж болохоор байгаа учраас  Монголын эдийн засагт “ногоон гэрэл ассан” гэж төлөөлүүлж хэллээ.

-Банкуудад активын үнэлгээ хийнэ гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

Монголбанкны тэр­гүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг:  -Арилжааны 14 банкинд үнэлгээ хийх компанийн тендер явж байна. Зургаа­дугаар сарын дундуур сонголтоо хийж дуусгана. Үүнээс хойш хөндлөнгийн актив үнэлгээний мэргэжилтнүүдтэй хамт арилжааны банкууд дээр ажиллана. Үнэлгээний үр дүн энэ оны аравдугаар сарын сүүлчээр гарах юм. Банкны системийн хувьд өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувь байхаас 18 байна. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 25 хувь байх ёстой ч одоо 40 хувь байгаа. Ерөнхийдөө систем эрүүл байна гэж хэлж болно.

-Татварыг дахиж өөрчлөх үү?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: -Татварыг аль болох өөрчлөхгүй зорилготой байна. Гэхдээ ОУВС-тай тохиролцсон тохироон дотор татварын орчинд байгаа давхардсан хөнгөлөлт чө­лөөлөлтийг цэгцлэх, дэлхийн улс орнуудын татварын системийн жишигт нийцүүлэх зэргээр хууль эрх зүйн өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна.  Татварын ерөнхий газарт ОУВС-гаас ажлын хэсэг ажиллаад эхэлсэн. Хуулийн өөрчлөлтийг 2018 оны хаврын чуулганаар батлуулах байх. Гэхдээ Засгийн газар татварын суурь хэм хэмжээг аль болох өөрчлөхгүй гэсэн байр суурьтай байна.

-Төрийн байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийх үү?
-Бид төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлтийг байнга хийж байх ёстой. Төр хэт данхайлаа гэх шүүмжлэл байдаг. ОУВС-тай хийсэн тохиролцоогоор төрийн албан хаагчид тэтгэвэрт гарвал нөхөн томилгоо хийхгүйгээр бүтцийн өөрчлөлтөд хам­руулж байя. Эрүүл мэнд, боловсрол, онцгой байдал, цагдаа зэрэг салбараас хоёр хүн тэтгэвэрт гарвал нэг хүнийг нөхөн томилно. Төрийн бүтцийг цомхон, ухаалаг байлгах чиглэл баримталж байна. Түүнчлэн төрийнхөөс илүү хувийн байгууллагад ажиллах нь тухайн хүнд илүү өгөөжтэй байх бодлогыг баримтлах шаардлага гарч байгаа юм.

-Маргаан дагуулаад байсан заалт юу болсон бэ?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:  -Төсвийн тодотголыг дагаж УИХ-ын тогтоол гарахад гишүүдийн саналаар нэг заалт оруулсан. Энэ заалт гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх, эрсдэл бий болгох магадлал өндөр байсан учир УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаас ажлын хэсэг гарч, энэ заалтын 11 дүгээр хэсгийг хүчингүй болгосон.

“Монголын үнэн” сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх