Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын “Эделман Кореа” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Квон Шин Ил Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Монголын Үндэсний Брэндийн зөвлөлтэй хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, хийх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
“Эделман кореа” компани дэлхийн 200 гаруй оронд Монгол Улсын брэндийг таниулахыг зорьж, юуны түрүүнд судалгаа хийн монгол иргэдийн саналд тулгуурлан үндэсний брэнд гаргахаар төлөвлөсөн байна. Брэндтэй болохын тулд бие даасан хууль батлан гаргах нь чухал гэж үзэж байгаагаа компанийн удирдлага хэллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эделман Кореа” компани Монголын Үндэсний Брэндийн зөвлөлтэй хамтран ажиллахад татгалзах зүйлгүй. Монголын талаар өргөн хүрээтэй судалгаа хийж оновчтой шийдэл гаргах хэрэгтэй. Та бүхний өөрийн оронд хэрэгжүүлсэн туршлага манай улсад ч үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Засгийн газар дэмжиж ажиллана” гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.