Казахстаны төрийн өмчийн “Балхашмыс” компани 1994-1995 онд манай уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс тухайн үеийн ханшаар 11 сая ам.долларын зэсийн баяжмал худалдаж авсан. Гэвч мөнгөө төлж чадаагүй байхдаа тус компани1998 онд дампуурсан. Үйл ажиллагааг нь үргэлжлүүлж авсан залгамж компани нь дээрх өрийг төлөхөөс татгалзсан тул Монголын тал шүүхэд гомдол гаргаж заргалдсан. “Эрдэнэт” үйлдвэр тухайн үед энэ асуудлаар Засгийн газарт ханджээ. Олон жил шийдэгдээгүй өрийн асуудлаар Монгол,Казахстан хоёр улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын хэмжээнд 20 жил бишгүй ярьсан боловч үр дүнд хүрсэнгүй. Казахстаны төлөх өр эхлээд 11 сая ам.доллар байсан ч 2008 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Улаан Казахстаны Сангийн сайдтай ярилцаж хүү тооцон нийт дүнг нь 20 сая доллар болгосон аж. Нэгэнт ярилцаж тохирсон хэлэлцээ байгаа тул Казахстаны тал өнөөдрөөс эхлэн Монгол Улсад сар бүр 880 мянган доллар төлнө. Уг өрийг 24 сарын дараа гэхэд бүрэн төлж дуусгах юм.