Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа саяхан фэйсбүүк хуудсандаа “Дархан аварга, Батлан хамгаалахын сайд, Б.Бат-Эрдэнэ танд хүргэх хов байна. Монголын арми, Хилийн цэрэгт алба хаагчдад хүнсэнд зориулж их хэмжээний транс тос нийлүүлдэг юм байна.
Энэ бол хамгийн эрүүл бус сонголт тул та анхааралдаа авна уу. Хамгийн эрүүл залуусыг цэрэгт татдаг хэрнээ, татсан хойноо эрүүл мэндийг хохироох нь ёс зүйгүй хэрэг. Эр цэргүүд маань эрүүл хүнс идэх ёстой! Энэ хүмүүс цэргийн албаа хааж дуусаад цаана нь олон жил эрүүл урт наслах учиртай!” гэж бичсэн байх юм.
Үүнийг уншаад сэтгэл эмзэглэв. Хугацаат цэргийн албанд татагдаж буй залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаад аль чийрэг, өсгөлүүн сайхан залуусыг сонгон авдаг. Гэтэл тэд маань халагдахдаа өвчтэй болоод буцдаг бол арай хайран.
Ж.Амарсанаа бол монгол хүний эрүүл мэндийн төлөө байнга санаа тавьж явдаг эмч хүн. Элэгний өвчлөлийг бууруулах,монгол эмч нарын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэхээр дэлхийн шилдэг эмч,профессоруудыг Монголд урьж өнгөрсөн жилийн АСЕМ шиг өргөн хүрээтэй чуулга уулзалтыг ирэх сард зохион байгуулах гэж буй.
Монголчуудынхаа эрүүл мэндэд сэтгэл чилээж явдаг тэрээр ийм асуудлыг зүгээр ч нэг хэлээгүй байх. Зөвхөн арми төдийгүй манай улс даяар шахааны бизнес дарга нарт “өмчлөгдсөн” байдаг нь бичигдээгүй хууль. Тэгэхээр арми бол хоол хүнс байтугай юу эсийг шахаж болдог газар гэж боддог эрхмүүдийг шалгах нь зүйтэй. Ямар ч байсан дэлхий даяараа идэх хэрэглэхээс татгалзаад байгаа хамгийн хямд бөгөөд хортой транс тосыг идэр залуустаа хоол гээд идүүлээд байж яав ч таарахгүй. Хэсэг дарга нар баян болохын тулд ардын үр хүүхдийн эрүүл мэндийг золионд гаргаж болохгүй.
Транс тос нь ургамлын гаралтай бөгөөд үйлдвэрийн аргаар химийн урвалын үр дүнд хатуу хэлбэрт оруулаад масло гээд зах зээлд нийлүүлдэг гэнэ. Бидний хэрэглэдэг орос маргарин транс тосны хамгийн том төлөөлөгч. Зохиомлоор гаргаж авсан өөх тос нь үргүйдэл, Альцгеймерийн болон зүрх судасны өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар зэргийн эх үүсвэр болдгийг шинжлэх ухаан нэгэнт нотолсон. Хүн төрөлхтөн ийм хэрэглээнээс татгалзсаар байхад бид гаднаас зөөж авчирч ирээдүй үеэ хорлохоо больё.
Н.Намуун