Ордос хот Өвөр Монголын баруун өмнөд хэсэгт, Хятадын таван өндөрлөгийн нэг Ордосын өндөрлөгт оршдог. Их зуу аймаг байсныг 2005 оноос Ордос хот хэмээн нэрлэжээ. Хотон үндэстний Өөртөө Засах Орон, Алшаа, Баяннуур, Бугат, Хөх хот, Улаанцав, Шаньши, Шааньши мужтай зах нийлнэ. Далайн төвшнөөс 1000-1400 метр өргөгдсөн. Хатан гол Ордосын нутагт 860 км урсдаг. Хур тунадас бага, хуурай уур амьсгалтай. Жилийн дундаж дулаан 9-10 хэм. 87 мянган ам дөрвөлжин км газар нутаг, 2 сая гаруй хүн амтай. Дун шэн хэмээх 1 дүүрэг, Далад, Хангин, Зүүнгар, Эзэн хороо, Үүшин, Отог, Отгийн Өмнөд 7 хошуу, “Чингисийн онгон” түүх соёлын цогцолбортой.
Ордосын “ГАЙХАМШИГ”-ууд
Чингис хааны онгон парк, тал нутгийн Дүньхүан хэмээгдсэн Аржайн чулуун агуй, дэлхийн анхны хурдны авто зам Чинь улсын үеийн шууд зам зэрэг хүмүүнлэгийн үзмэр нь дотоод гадаадын олон жуулчдын анхаарлыг жил ирэх тусам татсаар байна. Гайхамшигт Бүрээ манх, нэлгэр их Муу-Ус, Хөвчийн цөл, үзэсгэлэнт Энх-биеийн бүрд, бартаа ихтэй Хатанголын их хавцал зэрэг байгалийн үзмэрийг ч гадныхан аяллын “овоо хараандаа” авцгаадаг.
Ордос мал аж ахуй голлосон, байгалийн уудам бэлчээртэй. Нарийн ноост хонь, Аравсын ноолуурын чиглэлийн цагаан ямаа, Хархүү хонины суурь, Үүшин адуу зэрэг сайн үүлдрийн мал өсгөнө. Ширхэглэг эрдэнийн чулуу” болон “Зөөлхөн алт” нэртэй Арвас цагаан ямааны ноолуурыг үйлдвэрлэдэг. Ямааны ноолуурын цамцны үйлдвэрлэл нь дэлхийн үйлдвэрлэлийн 1/4-ийг эзэлдэг нэр төртэй дэлхийн ямааны ноолуурын аж үйлдвэрийн төв болно.
Ордосын өндөрлөгийн зүүн өмнө, Хатан голын эрэг дагуу үргэлжлэх хэдэн арван км газарт нүүрсний асар их нөөц бий. Ашигт малтмалын 50 нэр төрлийн уурхайтай. Нүүрсний нөөц 763 тэрбум тонн буюу дэлхийн бүх нүүрсний зургааны нэг нь Ордост байдаг. Зүүнгарын нүүрсний ордын онцлог нь, давхарга зузаан, хуулах өнгөн хөрс нимгэн, олборлоход хялбар. Жилд 50 сая тонн нүүрс гаргах боломжтой, 26 тэрбум тонн нөөцтэй.
Хятадын сүүлийн 20 жилд нээсэн 5 том ил уурхайн 4 нь Өвөр Монголд бий. Тухайлбал, Зүүн гарын, Хуулин голын, Имэн голын, Юань Баошаний орд юм. Алмаз, алт, давс, хужир, маншо, каолин, шохойн чулуу, гөлтгөний нөөц ихтэй тул Ордост нүүрс, хими, эрчим хүч, ноос ноолуур, машин механизм, барилгын материал, арьс шир, сахар, эм, шаазан ваар, хүнсний үйлдвэр олон бий. Ордосын “Хуагун” химийн корпорац, ямааны ноолууран бүтээгдэхүүн дэлхийд алдартай. Ордос хот улсын төмөр замын 2 том төв шугам, засмал замын өргөн сүлжээтэй.
Ордос хотын зам харилцаа ойлгомжтой, сул чөлөөтэй хөрөнгө оруулалт хийж ажил эрхлэхэд таатай нутаг юм. Бээжин-Бугат, Бугат-Ланьжөү чиглэлийн төмөр зам нутгийн ойр хавиар, Дүншэн-Үхай, Бугат-Ши-Ань чиглэлийн төмөр зам, 109 дүгээр, 210 дугаар төрийн зэрэглэлийн авто зам нутгаар дайран өнгөрдөг байна. Ордос хотын Онгоцны буудал Бээжин, Шанхай, Шэньжэнь зэрэг дотоодын олон том хотуудад нэвтэрч байна.
Ордос хот нь хөрөнгө оруулалтын орчинг тасралтгүй сайжруулж, Дундадын хөрөнгө оруулалтын 100 шилдэг хотын нэг, Дундадын банк санхүүгийн экологийн хот, Дундадын хамгийн аюулгүй хот гэх “алдрыг” хүртсэн байдаг.
Чингисийн Онгон
Чингисийн онгон Өвөр Монголын Ордос хотын Эзэн хороо хошууны Хороо сумын Гандир овоонд байдаг бөгөөд Ордос хотын төв Дуншен хотоос 65-км зайтай. Ширтэй ваараар барьсан гурван том монгол гэр буюу гол барилга нь Юань улсын vеийн монгол гэрийн хэв загвараар хийгдэж, гол ордон, зvvн баруун хоёр бага ордон, зvvн баруун хоёр хонгил, хойд ордон зэрэг зургаан хэсгээс бvрдсэн байна.
Гол ордны хойморт гантиг чулуугаар сийлсэн 5 метр өндөр Чингис хааны хөргийг тахиж байдаг бөгөөд, тvvний араар том газрын зураг байж, эзэн богдын өмнө мөнхийн зул бадраатай байдаг. Арын ордонд дахь монгол гэрийн хэлбэртэй торгон цэцэг майханд Чингис хаан болон тvvний хатан Бөртэ-Үжиний чандрыг тахисан байдаг. Тvvний хажуугийн шар майханд Чингис хааны Хулан хатан Исүн хатны чандар болон Чингис хааны дvv Билгvvдэй, Хасарын чандрыг тахиж байдаг. Зvvн ордонд нь Чингис хааны дөрөвдvvгээр хvv Тулуй болон тvvний хатны чандрыг тахиж байгаа. Баруун ордонд нь Чингисийн есөн өрлөгийн бэлгэ тэмдэг болсон есөн сvлдийг тахиж, Чингисийн байлдан дагуулах vеийн хэрэглэж байсан илд, ташуур зэрэг эд зvйлийг тахиж байгаа юм. Зvvн баруун хонгилын ханан дээр нь Чингис хааны бvх насны vйл хэрэг болон том үйл явдлыг харуулсан зураг байдаг.
Жил болгоны билгийн улирлын 3 дугаар сарын 21-ний өдөр, 5 дугаар сарын 15-ны өдөр, 9 дvгээр сарын 12-ны өдөр, 10 дугаар сарын шинийн гурванд Чингисийн хойч vеийн шар дархдууд өргөн их тахилгын ажиллагаа хийдэг бөгөөд Дундад улсад байгаа Монголчууд болон дэлхийн өнцөг булан бvvрээс хvрэлцэн ирэх зочид цагийг эзэлсэн их эзэн Чингис хааны гэгээн дvрд залбирч даатгадаг билээ. Мөн тогтмол бус хугацаагаар Юуань улсын vеийн ордны хурим хийдэг бөгөөд Ордос нутгийн зан vйлийг харуулсан хурим найр хийдэг юм. Чингисийн онгон нь одоо Өвөр Монгол төдийгvй Дундад даяар нэртэй аялал жуулчлалын газар болж, дотоод болон дэлхий дахинд Монгол vндэстний тvvх соёлыг ойлгуулахад чухал хувь нэмэр vзvvлж байгаа юм. Чингис хааны онгоныг зорин очих хvмvvс жилээс жилд нэмэгдсээр байна.
Бүрээ манх
Бүрээ манх гэж байгалийн гайхамшигт онцлог нь бороо хур багатай, хуурай жилд манхны орой дээрээс гулган буухад онгоц нисэж яваа мэт нүргэлсэн дуун гарч, уул хадыг доргиулна. Бүрээ манхны тухай сайхан домог байдаг. Эрт дээр үед нэгэн сахиус байж гэнэ. Нэг өдөр сахиусны элсэн уутных нь амсар нь задран тайлагдаж, уутнаас элс асгаран элсэн манхан болж тогтож гэнэ. Сахиус маш ихээр гэмшжээ. Тэгээд элсэн манхан далайн зүүн хэсэгт бүрээ манх гаргаад аянгын сахиусыг залж сахиж мануулж гэнэ. Энэ манхнаас дуу цуурайтдаг болохоор нь бүрээ манх гэж нэрлэж гэнэ. Манх дуугаран цуурайтдагаас болж бүрээ манхныг гайхамшигт ид шидтэй болгожээ.
Олон жуулчин бүрээ махны дуу цуурайг сонсохоор хүрэлцэн ирдэг байна. Жуулчид тусгай зориулалтын хувцас өмсөн манхны оройгоос уруу суугаа, хэвтээ хэлбэрээр гулган буухад чихнээ дүнгэнэсэн дуун цуурайтаж, заримдаа мэлхийн гуагалах дуу шиг, заримдаа далайн хүчит давлагаа уул хадыг дэлсэх шиг дуу гардаг байна. Бүрээ манхны үзэмжит газар нь Өвөр Монголын Ордос хотын нутаг дэвсгэрийн Хөвчийн манханд байдаг. Өвөр Монголын Бугат хотоос 30 км зайтай.
“Чөтгөртэй хот”-ын чимэг
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Хиа багш буюу Кан Ба Ши дүүргийг “Чөтгөртэй хот”, “Хий үзэгдлийн хот” хэмээн гаднынхан хэлэлцэх бөлгөө. Тэрбум 300 сая гаруй хүн амтай Хятад орны нэгээхэн хэсэг, үзэсгэлэн төгөлдөр Кан Ба Ши-д оршин суух хүн цөөхөн, гудамж талбайн хөл хөдөлгөөн сийрэг тул ийм “хоч”-ийг өрнийхнөөс хүртэхэд хүрчээ.
Гэвч аж төрөн суугчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэхүү хот үзэсгэлэн төгөлдөр. Хаашаа л харна, монгол үндэсний хэв загвараар бүтээж босгосон хөшөө, баримал, байшин сав, цэцэрлэгт хүрээлэн дүүрэн.
Тэдний дундаас “Чөтгөртэй хот”-ын чимэг болсон усан оргилуур, шатрын дүрсүүдээр чимэглэж бүтээсэн цэцэрлэгт хүрээлэн хараа булаана.
Цөлийн зочид буудал
Ордос аймгийн газар нутгийн ихэнх нь Ордосын цөлд оршдог. Цөлийн голд элсэн манхан дунд тансаг зэрэглэлийн буудал барьчихсан нь жуулчдын нүдийг орой дээр нь гаргах нь бий.
Net udaa. Hagasiig nx l yzseeer yum ba. Strega baiguulamj biidee