Ч.Дамдиншарав: А.Басхүүгийн талаар хүнд ярихаас ч ичмээр зүйл олон бий

2017 оны 05-р сарын 22 өдөр, 10 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
cc6bebd5d82fcc56big

А.ЭРХЭС

Ардын багш, гавьяат дасгалжуугч А.Басхүү өнгөрсөн сард өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа “Чөлөөт бөхийн энэ их хагарал бутрал бол Ч.Дамдиншарав гэж хүний хийсэн гай” хэмээн тодотгож, ахмадууд залуучууддаа зөв нөлөө үзүүлэх учиртай хэмээн ярьсан байсан. Монголын чөлөөт бөхийн үе үеийн түүхийг бичилцэж, Монгол Улсын түүхэн дэх олимпын  анхны медалийг эх орондоо авчрахад бие, сэтгэлээ зориулсан гавьяат тамирчин, дасгалжуулагч, ардын багш Ч.Дамдиншарав гуайд энэ үг өгүүлбэр хүндээр туссан нь мэдээж.  Ямартай ч түүнтэй уулзаж, үзэл бодлыг нь сонслоо.
-Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагыг өөрийн болгох гээд байгаа хүний нэг нь А.Басхүүг гэж олон ч дасгалжуулагч, багш нарын амнаас сонсч байсан л даа. Гэхдээ А.Басхүү гуайг тан руу давшилна гэж ерөөсөө төсөөлсөнгүй?
-Уг нь, Басхүүг чөлөөт бөхөд хөтлөн оруулж ирсэн хүн нь би. 1969 онд УБДС-ийн оюутан байхдаа 17 дугаар сургууль дээр дадлага хийж байхад өндөр нуруутай хүүхэд таарсан нь А.Басхүү байсан. Түүнээс чи ямар спортоор хичээллэдэг вэ гэж асуухад сагсанбөмбөг тоглодог гэсэн. Тэгэхээр нь чөлөөт бөхийн спортоор хичээллэхийг зөвлөснөөр тэрээр хичээллэж 1970 онд залуучуудын УАШТ-д түрүүлж спортын гараагаа эхэлж байсан санагдана. Улсын шигшээ багт хоёр жил шахам хичээллээд дараа нь “Замчин” нийгэмлэгт дасгалжуулагчаар ажилласан. Тухайн үед би Улсын шигшээ багт ахлах дасгалжуулагчаар ажиллаж байхдаа түүнийг Спорт сургалтын төвд багшаар авч ажиллуулсан. Дараа нь залуучуудын шигшээ баг болон улсын шигшээ багт дэвшүүлэн ажиллуулсан. Тухайн үеийн БТСХ-ны удирдлагуудад дэмжсэнээр олон улсын шүүгч болгох зам мөрийг нь нээж улмаар 1983 онд ЗХУ-ын Киевт болсон дэлхийн аваргын тэмцээнд анх удаа авч явж, олон улсын өндөр зэрэглэлийн шүүгч болох зам мөрийг нь нээж байсан.

-Тэгвэл Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, XX зууны шилдэг шүүгч гэх нэр алдарт хүрэх замыг нь та нээж өгсөн байх нь ээ?
-Тийм байж магадгүй. Түүнээс хойш жил дараалан тив, дэлхий, олимпын дэвжээнд тасралтгүй шүүж, бид бүхний итгэлийг дааж ирсэн. 1988 онд Сөүлийн олимпын наадмаас “Алтан шүгэл” авсны дараагаас л энэ хүний зан ааш эвдэрч, гадаад явах болгондоо архи, дарсны хэрэгт холбогдож удаа дараа сануулга авч байлаа. Сүүлдээ гадныхан тоглоом, шоглоомоор танай Бааска Виски гэдэг нэртэй болсон шүү гэж хэлдэг байв. Бид эрхийг нь хасуулахгүйн тулд удирдлагууддаа удаа дараа санал хүсэлтээ хэлж байгаад үлдээж байсан. 1997 онд Зүүн Азийн наадам Пусанд болоход элдэв аяг гаргаад сонин дээр хүртэл бичигдэж байлаа шүү дээ.
Би хүнийг муу хэлэх дургүй. Гэсэн хэдий ч энэ мэтээр хов жив шиг юм яривал зөндөө бий. Харамсалтай нь, энэ хүн өнөөдөр анх хэн байснаа мартчихаж. Өчигдрөө мартчихаад яагаад өнөөдөр над руу дайраад байгаа юм болдоо.

-Ямар учир шалтгаантай болоод таныг ингэж үзэн ядах болов?
-Би 1998-2004 онд улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Тэр үед Басхүү бид хоёр нэг өрөөнд суудаг байв. Тэрээр бидний багш Цэрэндавга, Магсар, аварга Баянмөнх, мөн Баттуул, Болд, Өсөхөө гээд олон шавь нараа байнга муулна. Арга ядаад  нэг удаа “Басхүү чи бид хоёр шавь нараа муу хэлээд яах вэ. Чи дандаа хүн муу хэлж, хов ярьж, өөрийгөө магтаж байх юм, амаа татаж явж сур” гээд хатуухан үг хэлчихсэн юм. Тэр цагаас хойш л  намайг үзэхээ больсон. 2004 оны олимп болох гээд байдаг, хажууд Басхүү үглээд болдоггүй. Тэгэхээр нь өөрийнхөө бичиг баримт, эд зүйлсээ аваад өөр өрөөнд сууж ажлаа явуулдаг байсныг минь тэр үеийн багш нар мэднэ. Би зарим нэгийг нь л ярилаа. Цаана нь ярихаас ч ичмээр зүйл олон бий. Басхүүтэй холбоотой энэ асуудлаас болоод “Хүн тэжээвэл толгой цусдана, мал тэжээвэл ам тосдоно” гэдэг үг заримдаа бодогддог болсон юм.
Уг нь, миний шавь Басхүү бид хоёр нас явж байна. Бид хоёр бөхийн буянаар олон ч газраар явлаа. Үзээгүй, хараагүй газар ч цөөн үлдэж. Мөн Монголын төрөөс аваагүй шагнал гэж үгүй. Ялангуяа Басхүү бөхийн буянаар Дэлхийн бөхийн холбооны бүхий л шагналыг хүртсэн. Тэгэхээр хүүхэд, залуучуудыг турхирч хэл ам, хэрүүл шуугиан гаргаж явахаар буян бодож, зөв амьдрах нас чинь болжээ гэж хэлмээр байна. Сөрөг бодлоосоо салж, өш хонзон өвөрлөхөө больж амар амгалан, тайван амьдрахыг зөвлөмөөр байна.
Уг нь тэр хүн унаган шавь олонтой, Ардын багш хүн. Гэвч шавь нартайгаа байнга муудалцах болж. Энэ нь зохисгүй асуудал. Унаган шавь нараасаа, бөхийн хамт олноосоо, холбооны удирдлагуудаасаа уучлалт гуйх хэрэгтэй. Дагвадорж, Сумъяабазар хоёрын аав Монгол Улсын заан Долгорсүрэн Басхүүгийн шавь нарынх нь нэг. Шавийнхаа хүүхдүүдтэй өс зангидаж хэрүүл, хараал хийхээ боль гэдгийг ч зөвлөмөөр байна.

-А.Басхүүтэй холбоотой таагүй мэдээлэл нь дандаа визний наймаатай холбогддог. Энэ талаар та мэддэг байв уу?
-Энэ талаар олон юм яримааргүй байна. 2008 оны олимпоос өмнө Солонгост болсон олимпын эрхийн тэмцээнд чөлөөтийнхөн явсан. Тэр үед чөлөөт болон сонгомол бөх гээд хоёр баг явуулсан байдаг. Гэвч онгоцноос буунгуут сонгомол бөхийн багийн тамирчид, дасгалжуулагчтайгаа алга болчихсон гэдэг. Тэгэхэд тэмцээн зохион байгуулж байсан хүмүүс танай сонгомол бөхийн баг хаана байна гээд бөөн юм болж байсан тухай сониноос уншиж байсан. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон хурал дээр Басхүүгийн унаган шавь Х.Ганболд “Та бол надаас таван мянган ам.доллар авч АНУ-ын виз гаргаж өгсөн. Хэдийгээр миний унаган багш ч гэлээ авлигач. Олон ч хүнээс хээл хахууль авсан” гээд 170 хүний өмнө улалзтал хэлсэн. Энэ мэдээлэл нь түүнийг визний наймаатай холбоотой гэдгийг гэрчлээд байгаа юм.

-Та тэгвэл А.Басхүү гавьяат холбоогоо муу хэлээд, хамаг бурууг тань руу чихээд байгааг юутай холбож ойлгож байна вэ?
-Хамт нэг өрөөнд суудаг байсан тухайгаа түрүүн ярьсан. Тухайн үед нэг их анзаардаггүй байсан л даа. Намайг гараад явангуут л гадны үл таних хүмүүс орчихддог. Сүүлд сонссон чинь Европын холбооноос ирсэн олон улсын урилгаар хүмүүсийг гаргадаг байсан юм билээ. Яахав, хэдэн хүнийг хоолтой нь золгуулж буян болсон л байх. Үүний буруу гэж юу байхав. Хамгийн гол нь визийг хууль бусаар гаргаж байгаа явдал. Энэ хүний холбоог авах гээд улайраад байгаа нь тэр үеийн авлигаа санагалзаж байгаатай холбоотой юм болов уу даа.

-Тантай уулзсаных бас нэг зүйл асуумаар байна. Ахмад үеийнхний үзүүлсэн амжилтыг сүүлийн үеийн багш, дасгалжуулагчид үгүйсгэх болж. Олимп, дэлхийн аваргаас авчирсан медалиуд нь бөх хөгжөөгүй байх үеийнх гэх зэргээр?
-Харин ч чөлөөт бөх хамгийн өндөр хөгжсөн үе гэж хэлнэ. Яагаад гэхээр тэр үед өнөөдрийнх шиг ийм олон спортын төрөл хөгжиж байсангүй. Тиймдээ ч бокс, бөхийн төрөл их өндөр хөгжсөн. Жинхэнэ гайхалтай бөхчүүд бэлтгэгдэж байсан юм шүү дээ. Манай бөхчүүд тэр үеийн жинхэнэ соруудтай нь барилддаг байлаа. Тэгж байж медаль авдаг байсан. Орос орон задарснаас хойш бөхийн хөгжил нь тэр үеийнх шигээ сайн байхаа больсон гэж бодож байна. Тэгэхээр ганц нэг орос бөх ялсныгаа тэр үетэй зүйрлэх хэрэггүй. Ахмад үе рүүгээ дайрч, доромжилдог үзэгдэл аль ч улс оронд байдаггүй. Энэ чинь эцгийгээ миний эцэг биш гэж муу муухайгаар дайрсантай агаар нэг. Үнэхээр ёс зүйгүй асуудал боллоо гэж зөвхөн бөхчүүд ч биш ахмад үеийнхэн над дээр ирж дургүйцлээ илэрхийлж байна. Тэд хэдэн жилийн дараа бидний насан дээр ирэх л байх. Олимп, дэлхийн аварга болж байсан манай алдартай бөхчүүд ингэж ахмад үе рүүгээ, багш дасгалжуулагч нар руугаа дайрч, давшилж байсангүй. Цагийн аясаар зарим нь бурханы орон руу явж байна. Энэ хэдийгээ ингэж гомдоомооргүй байна. Тиймээс ахмад үеийнхнээсээ албан ёсоор уучлалт гуйх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-МЧБХ сүүлийн хоёр олимпын цикльд муу ажилласан гэж хэсэг бүлэг хүмүүс муу хэлж байна. Харин та хэрхэн дүгнэж байна вэ?
-Би 16, 17 жил шигшээгийн ахлах дасгалжуулагчаар ажилласан. Тэр үеийн тамирчдын идэж, уудаг хоол унд, витаминжуулалт, өмсөх хувцсыг одоогийнхтой харьцуулах юм бол үнэхээр инээдтэй. Хэдхэн хувцастай. Нэг нь тэмцээнд явж ирэнгүүтээ няравт хувцсаа тушаана. Дараагийн тамирчин нь түүнийг нь угааж өмсөөд гадаад руу тэмцээнд явна. Гэтэл өнөөдөр ямар байна. Аса аваргын буянаар 2004 оноос хойш зөвхөн бөхчүүд ч биш Монголын тамирчид брэндийн хувцастай болсон. Харамсалтай нь, энэ нөхдүүд аваргын бэлэглэсэн хувцсыг өмсчихөөд өөдөөс нь хэрүүл хийгээд байдаг. Ийм байж болох уу. Үнэхээр ичмээр, хэлэх ч үг олдохгүй байна. Витаминжуулалт гэхэд л өнөөгийн олимп, дэлхийн аваргуудынхтай адилхныг хэрэглэж байна. Сумъяабазар дэлхийн шилдэг тамирчдын хэрэглэдэг витаминыг авчирч, туршиж үзсэний үндсэн дээр тамирчдадаа өгч эхэлсэн. Энэ нь сүүлийн үед үзүүлсэн амжилтын нэг гол үндсэн шалтгаан нь. За тэгээд орон байр, алтаар шагнасан гээд Монголд байтугай дэлхийн төвшинд байхгүй шагналыг олимпын өмнөх жилд өгч олимпоос алтан медальтай ирэхийг зөгнөн бэлгэдэж байсныг бөхөд хайртай ард түмэн маань мэдэж байгаа.
Энэ мэтээр яривал их юм бий. Би хувьдаа Чинбат, Дагвадорж, Сумъяабазар, Бат-Эрдэнэ, Отгонбаатар гээд холбооны удирдлагуудыг маш сайн ажилласан гэж дүгнэдэг. Тэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, материаллаг бааз эрс сайжруулсан. Жишээлбэл, өнөөдөр дэлхийн стандартын өндөрлөгөөтэй гурван дэвжээн дээр тэмцээн зохион байгуулж байна. Маш өндөр үнэтэйгээр гадаадаас захиалж авчруулсан гэж сонссон. Өмнө нь бид төмөр зангидаж байгаад хэдэн шөнө банзаар өндөрлөгөө хийдэг байлаа шүү дээ. Зарим үед тэр нь нураад уначихна, цөмөрчихнө.
Мөн орон нутаг руу хандсан бодлого хэрэгжүүлж хөдөөгийн аймгуудыг бөхийн дэвжээтэй болгосон нь өнөөдөр үр дүнгээ өгч байна. Үүнийг нь саяхан болж өнгөрсөн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн баталж чадлаа. Дандаа л хөдөөний хүүхдүүд түрүүллээ шүү дээ.

-Гадаад харилцаа бас нэлээн бэхэжсэн байх аа?
-Гадаад харилцаа урд хожид байгаагүйгээр эрс сайжирсан. Үүнд Дагвадоржийн оруулсан хувь нэмэр асар их. Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны ерөнхийлөгч Лалович хүртэл түүнийг яаж хүндэлдгийг би өөрийн нүдээр хэд хэдэн удаа харлаа. Яг л ах, дүү хоёр шиг ойр дотно харилцаатай байдаг юм билээ. Энэ нь МЧБХ-ны нэр хүндийг гадаадад өсгөх, таниулах тал дээр яах аргагүй том ахиц, дэвшил авчирсан гэж ойлгож байгаа.
Мөн Чинбат гэж хүн чөлөөт бөхөд асар их буян хийсэн. Энэ хүний байгуулсан Олимп академид манай эмэгтэйчүүд одоо ч бэлтгэлээ базааж байна. Буян заяагаа өгсөн хэвээрээ л байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор эдгээр хүмүүсийн сайн менежмент хийсний ач тусаар хэчнээн олон медаль авав, хэдэн хүн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэв. Тийм учраас муу ажилласан гэж хэлэх үндэсгүй. Харин ч сайн ажилласан ерөнхийлөгч нараа байнга хүндэтгэж, энэ хүмүүсийнхээ төлөө дуу хоолойгоо өргөж явах ёстой гэж бодож явдаг.

-“Монголиа опен” тэмцээн саяхан болж өнгөрлөө. Энэ тэмцээний үеэр “Алдар” нийгэмлэгийн тамирчид “Аваргууд академи”-ийн бөх гэж зарлуулаад байсан. “Алдар” нийгэмлэг нэрээ өөрчилсөн хэрэг үү. Ямар учиртай юм бэ?
-Аль ч улс, орны шигшээ баг армидаа байдаг. Тэр хэмжээгээр манай тамирчид армиасаа олимп, тив, дэлхийн медаль авч байсныг түүх гэрчилнэ. Энэ уламжлал одоо ч хэвээрээ байгаа. “Алдар” нийгэмлэг бол орон тооны тамирчидтай, төсөв мөнгөтэй, том том заал танхимтай. Клубуудтай зүйрлэх юм байхгүй. Үеийн үед л хүчтэй байсан. Гэхдээ энэ удаагийн тэмцээний үеэр юу болоод өнгөрснийг би ойлгоогүй. Бүх зүйлээр нь хангадаг “Алдар”-ынхаа нэрээр ороогүй нь ямар учиртай болохыг нэг биш нэлээд хэдэн хүн надаас асуусан шүү.
Уг нь, Өсөхбаяр аварга энэ их том айлыг өөд нь татаж хөгжүүлэхэд их л хүч тавьж байгаа. Тамирчдын тоог ч нэмэгдүүлсэн. Гэвч Өсөхбаярын сайхан сэтгэл рүү багш нар нь ус цацчихлаа. Цэргийн, армийн хүн гэхэд дасгалжуулагчид, тамирчдынх нь ёс зүй хэлэхийн аргагүй доголдож байна. Тухайлбал, сахилга батгүй, ёс зүйгүй дасгалжуулагчаасаа болж тамирчид нь Азийн аваргад явж чадсангүй. Тамирчид нь л хохироод үлдлээ. Үүнийг хаа, хаана бодох цаг нь болсон юм биш шүү.

-Таныг сүүлийн үед байнга шахуу дэвжээн дээр байх болсон гэж сонссон?
-Үнэн. Гэхдээ би хаанаас ч цалин авдаггүй. Төр засгийнхаа буянаар боломжийн тэтгэвэр, тэтгэмж авдаг. Бөх болох сэтгэлтэй 40 шахам хүүхдийг долоо хоногт гурван удаа бэлтгэл хийлгүүлдэг юм. Гэхдээ төлбөр авдаггүй. Мөнгө төгрөг дутмаг, айлын тогоо хараад сууж байдаг хөдөөний хүүхдүүдийг бөхийн тогоо руу зөв оруулчих юмсан, суурийг нь зөв тавьж өгөх юмсан гэсэн хүслээрээ энэ ажлыг хийж байна. Бөх болгохоос гадна хүүхдүүдийг зөв хүн болгон төлөвшүүлэхийг зорьдог. Багш гэдэг бол хүн ялахыг заахаас гадна зөв хүн болгон төлөвшүүлэх ёстой. Яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр өнөөдөр тамирчдад ямар ч ёс зүй алга. Багш нарт ч гэсэн хүмүүжүүлэх ухааны арга дүй дутагдаж байна. Тиймдээ ч хүүхдүүддээ буруу зүйл зааж өгөөд байна. Үүнээс болж юу болж байгааг тамирчдын гаргаж буй ёс суртахуунаас нь харж болно. Эцсийн эцэст тамирчид л хохироод үлддэг юм.

-Танд аваргууд хүүхдүүдээ шавь оруулсан гэж байсан. Хэн хэний хүүхэд таны удирдлага дор бэлтгэл хийж байна вэ?
-Олон сайхан шавь маань хүүхдүүдээ надад шавь болгож өгсөн. Сумъяабазар, Өсөхбаяр аварга, Рагчаа гарьд, Ганхуяг арслан, Хишигдорж зааны хүүхдүүд над дээр бэлтгэл хийж, бөхийн гараагаа эхлүүлж өсөн дэвжиж байна. Үүнд баяртай явдаг. Өөрийнхөө үеийнхнийг болоод дунд үеийнхнийгээ ингэж ажиллаач гэж уриалмаар санагддаг. Өөрсдийнх нь эрүүл мэндэд ч хэрэгтэй. Нэг насаа бөхөд зориулсан юм болохоор хөлс үнэртсэн зааландаа орж ирэхээр бүхий л гуниг, зовлонгоо мартчихдаг. Жинхэнэ жаргалаа эдэлдэг гэх үү дээ. Мөн надаас олон залуу багш нар зөвлөгөө авч байдаг. Тэдэндээ тус дэм болж явах юмсан гэж бодож явдаг юм. Энэ боломжоор хангаж өгсөн холбооныхонд талархаж байгаагаа уламжилъя. Надтай хамт ажиллаж байсан алдарт бөх, дасгалжуулагч Нацагдорж минь саяхан бурханы оронд явлаа. Үе тэнгийн ахмадууд маань цөөрсөөр байгаад харамсах сэтгэл төрөх юм даа.

-Ингэхэд таны үед олимпын наадамд оролцоод медаль авсан хэдэн тамирчин байдаг юм бэ?
-Миний хувьд 1980 онд Москва хотноо болсон зуны спортын XXII олимпод шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар оролцсон. Энэ олимпод дэлхийн бүхий л шилдэг бөх ирж барилдсан. Тэр хэрээр тэмцээн их өрсөлдөөнтэй болсон. Энэ тэмцээнд оролцсон манай гавьяат тамирчин Даваажав алтан медалийг 13 секундэд алдаж, Оюунболд маань хүрэл медалиа дэлхийн шилдэг бөхчүүдтэй барилдаж авсан. Харин дараагийн олимп 1984 онд АНУ-ын Лос-Анжелост болох байсан. Гэвч хоёр системийн хагарлаас болоод социалист орнуудын тамирчид олимпод оролцох боломжгүй болсон тэр агшинд социалист системийн орнууд тамирчдынхаа хөдөлмөрийг талаар болгохгүйн тулд “Найрамдал-84” тэмцээнийг зохион байгуулж тухайн тэмцээнд үзүүлсэн амжилтыг нь олимпынхтой дүйцүүлэн үнэлж цэгнэхээр тогтсон юм. Энэ тэмцээн Болгарын Софид болж чөлөөтөөр олон орны 100 гаруй бөх барилдсан. Харин манай улсаас 1983 онд дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Болдоос гадна Энхээ маань мөнгөн медаль, 74 кг-ын жинд Лу.Энхбаяр маань хүрэл медаль хүртэж байлаа. Анхнаасаа үзүүлсэн амжилтыг нь олимпынхтой дүйцүүлэн үнэлнэ гэж байсан болохоор бид олимпын медаль авчихлаа гэсэн сэтгэгдэлтэйгээр эх нутагтаа ирж байв. Гэвч тухайн үеийн төр засаг тамирчдын маань амжилтыг үнэлээгүй. Багшийнхаа хувиар боддог юм. Тухайн үед олимпод нь оролцсон бол медаль авах байсан даа гэж. Олимпын медалийнхаа тоог нэмэх сайхан боломжийг алдсан ч олимпын дараа 1985 онд болсон ДАШТ-ээс Энхээ, Болд, Лу.Энхбаяр гурав маань ахин медаль авч олимп, дэлхийн хэмжээний шилдэг бөх болохоо дахин харуулж байлаа. Одоо энэ бүхэн түүх болон үлджээ.
Эх сурвалж: www.assa.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх