Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ховдчуудад маань асар том зах зээл, өргөн боломж бий

2017 оны 05-р сарын 18 өдөр, 20 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
600x600

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ тавдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллав. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг орон нутгийн иргэдэд танилцуулахаар очсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг иргэдэд танилцуулах уулзалт аймгийн Хөгжимт драмын театрт болов.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр дэлгэрэнгүй танилцууллаа.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховд аймгийн иргэдэд хандан хэлсэн үгэндээ:

“Энд хуран цугларсан манай Ховд нутгийн ард иргэдэд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Энэхүү танилцуулга уулзалт мөн зурагтаар аймгийн нийт иргэдэд хүрч байгаа.

Өнөөдөр тавдугаар сарын 16-ны өдөр. Одоогоос найман жилийн өмнө тавдугаар сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж, зургадугаар сарын 18-нд би Ерөнхийлөгчийн тангараг өргөж байлаа. Энэ найман жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж хэрэгжүүлсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай зөвлөхүүд өгсөн учраас би давтан ярих шаардлагагүй байх гэж бодож байна.

Ерөнхийлөгчийн ажил үүргийн талаар иргэд ойлголт муутай байдаг. Энэ гурван сая зуун дөчин мянган хүний харц, уур бухимдал нэг хүн рүү чиглэж байдаг. УИХ, Засгийн газар ямар бүрэлдэхүүнтэй хэрхэн ажилладаг болохыг та бүхэн мэднэ. Одоо харж байхад Ерөнхийлөгчийн ажлын талаар манай улстөрчид хүртэл буруу ойлголттой байдаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй, Ерөнхийлөгчид хэт төвлөрсөн эрх мэдлийг багасгах хэрэгтэй гэж ярьж байна. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчид чухам ямар эрх мэдэл байгааг Үндсэн хуулиас харахад жишээ нь хориг тавих эрх мэдэл байна. Гэтэл УИХ-ын хуралдаанд оролцож буй гишүүдийн гуравны нэг дэмжихгүй бол уг хориг хүчингүй болдог. Тэгэхээр энэ хориг шууд хүчин төгөлдөр хэрэгждэг байсан бол Ерөнхийлөгч эрх мэдэл ихтэй гэж харж болох байна. Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргах эрхтэй гэж заасан. Гэтэл Ерөнхийлөгчийн гаргасан зарлигт Ерөнхий сайд гарын үсэг зурж байж хүчин төгөлдөр хэрэгждэг. Ерөнхий сайд гарын үсэг зурахаас өмнө уг зарлигийг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцдэг. Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг Засгийн газар ихэнх тохиолдолд буцаадаг. Тэгээд Ерөнхий сайд болон тухайн салбарын сайдтай уулзан, өөрийн зарлигаа танилцуулан учирлаж байж дэмжүүлдэг.

Мөн Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй. Түүний санаачилсан хуулийг мөн УИХ батлан эсэхийг шийддэг. Миний санаачилсан зарим хуулийг УИХ батлахын даваан дээр буцаасан тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал хариуцлага, албан тушаалтай холбоотой хуулиуд байна. Тэгэхээр энэ бүхнийг ярьж иргэдэд ойлгуулахгүй бол болохгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажил бол иргэдтэй уулзаж, ойлгуулж ярилцдаг ажил юм. Миний хийсэн ажлуудын дийлэнх нь иргэдийн санаачилга. Ард иргэдийн сайн санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжин хамтран ажиллаж чадвал үр дүнтэй. Нээлттэй нийгэмд өдөр бүхэн сайхан санаачилга, ажил ундарч байдаг. Энэ олон сайхан санаачилгаас хамгийн шилдгийг нь, далайгаас сувд түүх мэт олж авах чадвар Монголын удирдагчид байх ёстой. Тэгээд энэ санаачилгыг ажил болгох нь Ерөнхийлөгчийн үүрэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх, прокурорыг томилдог гэж ярилцдаг. Гэтэл үнэндээ түүнд бие дааж томилдог албан тушаал гэж бараг байхгүй. Үнэн хэрэгтэй Тамгын газрынхаа дарга, зөвлөхүүдээ л хэнээс ч асуухгүй томилдог. Та бүхэн саяхан сонссон байх, хамгийн их шинэчлэгдсэн салбар бол шүүх. Хуучин Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Дээд шүүхийн шүүгч хоёр нэг хүн байсан. Шүүгч ямар цалин авах уу, хэн томилох уу, шагнал урамшуулал нь ямар байх уу гэх мэт бүх асуудлыг шийддэг байсан. Нэг үгээр хэлбэл аж ахуйн шинжтэй ажил, шүүн таслах ажил нэг хүний мэдэлд байсан. Тэгээд бид Үндсэн хуульд заасан шүүхийн хараат байдлыг хангахын тулд Шүүхийн ерөнхий зөвлөл байх ёстой гэж үзсэн. Одоо байгаа нийт 470-аад шүүгчийн 150 нь сүүлийн 3-4 жилийн дотор томилогдсон. Одоо шүүгчид ямар нэгэн улс төрийн бус олон улсын болон дотоодын хуулийн мэргэжлийн шалгалтын дагуу шүүгч болдог болсон. Нэг бус олон шатлалтай шалгалтаар шигшигдэж шүүгч болдог болсон. Энэ бүх шалгалтыг амжилттай өгч, олон хүнээс шалгарч үлдсэн шүүгчдийг зөвхөн албажуулах эрх л Монгол Улсын Ерөнхийлөгчид байдаг. Тэрнээс биш уг шалгалт, сонгон шалгаруулалтад нөлөөөх эрх Ерөнхийлөгчид огт байхгүй. Мөн Улсын ерөнхий прокурор болон түүний орлогч нарыг УИХ томилдог. Харин Ерөнхийлөгч тэдгээр албан тушаалд нэр дэвшигчдийн санал оруулах эрхтэй. Ерөнхийлөгчийн саналыг УИХ дэмжихгүй бол буцаах эрхтэй. Мөн Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхийлөгчийн саналд үндэслэн УИХ томилддог. Гэтэл энэ бүх албан тушаалтнуудыг Ерөнхийлөгч дур мэдэн томилдог гэсэн ойлголт олны дунд байна.

Манай иргэд шударга ёс, хариуцлага ярих дуртай. Гэтэл хуулийн байгууллага авлига авсан этгээдэд хариуцлага тооцоод ирэхээр иргэд маань тэр гэмт этгээдийг өрөвдөж эхэлдэг. Тэр авлига авсан этгээд хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээг ашиглан олон нийтийн тархийг угаадаг. Тэгэхээр бид яаж шударга ёс тогтоох вэ дээ? Үүнийг бид анхаарах хэрэгтэй.

Олон нийтийн сүлжээнд би идэвхтэй байдаг. Би Фэйсбүкт хамгийн их буюу 540 мянган лайктай. Харин жиргээнд 240 мянган дагагчтай. Үүгээр дамжуулаад би хаана ч явсан монголчуудтайгаа холбоотой байдаг. Орчин үеийн технологиор дамжуулаад ард түмэнтэйгээ амь нэгтэй байдаг. Ард түмэн юу хэлж байна, миний хэлсэн үг ямар сэтгэгдэл төрүүлсэн байна гэдгийг би үргэлж харж байдаг. Мэдээж энэ бүхний цаана нүүрээ нуусан, хэн нэгнийг гутаан доромжлох гэсэн хүмүүс бас байгаа. Түрхсэн хөө арилдаг, харин сайн үйлс хэзээд үлддэг.

Хэчнээн гүтгүүлсэн ч би хэзээ ч үүний араас хөөцөлдөж байгаагүй. Тийм зав зай ч байхгүй. Хүнд муу хэлүүллээ гээд эвэр ургахгүй. Улс төрд орсон хүн өөрийн үйлдлээ хичээх хэрэгтэй. Аливаа хүн зөвхөн өөрөөсөө болж мууддаг. “Хүн өөрийнхөө аврал” гэж бурхан багш хэлсэн байдаг.

Төрийг цомхон болгох арга олон байна. Төрийг аж ахуйн ажлаас салгах хэрэгтэй. Гэтэл одоо манай яамд, аймгийн дарга нар барилгачид болоод байна. Бүгдээрээ нэг барилга, тендерийн араас хөөцөлддөг болсон. Энэ бүх ажлыг хувьд шилжүүлэх юм бол төрийн ажил хөнгөрөөд явчихна. Бид бүтээж байгаа нийт баялгийнхаа 60 хувийг төрдөө зарцуулж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хүрэхгүй хувийг төрд зарцуулах ёстой гэж би Ховд аймагт арваад жилийн өмнө ирэхдээ ярьж байсан. Социализмын үед энэ үзүүлэлт 40 хувиас хэтрээгүй. Тэр үед мэдээж 30 хувийн татаасыг Зөвлөлтөөс авдаг байсан л даа. Гэтэл өнөөдрийн байдал хэтэрч байна. Бид үүнийг хуулиар зохицуулах гээд хэчнээн жил зүтгээд барсангүй. Үндсэн хуульд “Монголын төрийн зардал ДНБ-ний 40 хувиас хэтрэхгүй” гээд заагаад өгчихмөөр байгаа юм. Тэгээд дараа нь бага багаар цөөлөх ёстой. Төр ихэнх ажлаа түрээсээр хийлгэж болно. Дарга нар хувийн компаниас түрээсийн машин унадаг байх хэрэгтэй. Тэгвэл өөрийн хамаатан садан дотроос жолооч хайх шаардлага байхгүй болно. Төр засгийн байгууллагын цэвэрлэгээний ажлыг тусгай компани хариуцах хэрэгтэй. Гадаадын орнуудад тийм л байдаг.

Сайн төр, төрийн албан хаагч алдаанаасаа сургамж аваад засдаг байх ёстой. Төр алдаанаас сургамж аваад хууль болгож гаргах ёстой. Бид хууль, стандарт хоёроо чангаруулаад байх хэрэгтэй. Тэгэхэд л улсын хөгжил урагшилна. Бүхнийг бүтээж үйлдвэрлэх амаргүй. Манай улс хоёр том хөрштэй, онцгой нөхцөлд байдаг. Бид хэчнээн их үйлдвэрлээд урд хөрштэйгөө өрсөлдөж чадахгүй. Байгалийн ямар их баялагтай байгаад ч умард хөрштэй өрсөлдөх боломжгүй. Тэгэхээр бидэнд ухаалаг бодлого хэрэгтэй. Мэдээж бид цөөхөн хүн амаа хангахын тулд үйлдвэрлэх ёстой. Энэ бүхний тулд гурван талт уулзалт, эдийн засгийн коридор, АСЕМ-ын чуулган, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны 52 дахь гишүүн болсон зэрэг ажлуудыг хийсэн. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөр Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй байдлын тухай тогтоол гаргуулсан. “Зөвхөн энэ ажлыг хийсэн байхад Ерөнхийлөгчийн ажил хангалттай хийсэн гэсэн үг” гэж Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай хэлсэн.

Сайн дарга гарч ирвэл сайхан амьдарна гэж бид ойлгоод байна. Гэтэл сайн ард түмэн байж байж сайн дарга гарч ирдэг нийгмийг бид сонгосон шүү дээ. Сайн, шалгуур өндөртэй, их зүйл шаарддаг ард түмэнтэй бол сайн дарга гарч ирдэг. Улс төрд бид заавал хүндрэл бэрхшээлийг туулж байж сургамж авдаг. Энэ бэрхшээлийн талаар хэн нэг нь сануулахад тоодоггүй.

Монголчууд бид бүгд энэ бэрхшээлийг туулж байна. “Бид ардчиллын замаар 27 жил явлаа, гэтэл улс орон яаж хөгжив” гэж хүн асууж байсан. Монгол хүн хөгжсөн. Бид үгээ чөлөөтэй хэлдэг болсон, сонголтоо чөлөөтэй хийдэг болсон, чөлөөтэй зорчдог болсон, чөлөөтэй бүтээдэг болсон, чөлөөтэй шүтдэг болсон. Одоо ч үнэхээр зүтгэлтэй, юм хийж чаддаг хүн сайхан амьдарч чадах нийгэм орлоо гэж ахмадууд маань ярьдаг. Монголын хөгжлийн суурь нь монгол хүн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөв өнөөдөр 4.6 тэрбум төгрөг байна. Та бүхэн гайхаж байгаа байх дөрвөн жилийн өмнө 11.4 тэрбум байсан байж одоо яагаад ингэж буурсан гэж. Мөнгөний ханш унаад байгаа өнөө үед улам нэмэгдсэн байх гэж та бүхэн бодсон байх. Монголд бүсээ хамгийн их чангалсан байгууллага бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар шүү дээ. Хэрэв хүнээс сайн зүйл шаардаж байгаа бол өөрөө үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй. Төсөв мөнгөө хаслаа гээд муу зүйл болсонгүй. Харин ч олон сайхан ажил хийснийг та бүхэн харж байгаа. Монгол хэлний цахим тайлбар толь бид дэмжиж хийсэн. Улсын төв номын сангийн бүх номыг цахим болгох ажлыг манай Тамгын газрын төсвийн 800 сая төгрөгний дэмжлэгээр хийсэн. Цорын ганц хувь байгаа олон ном устан алга болохоос бид хамгаалсан.

Сэтгэл байвал бүтэхгүй ажил гэж байхгүй. Манай төрийн бусад байгууллага ингэж төсөв мөнгөө хассан бол хямралын асуудал нүүрлэхгүй. Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулна гэхэд Б.Цэнддоо “Улс төрд ингэж удсан, хийсэн ажил ихтэй хүний л ажил” гэж хэлж байсан. Хийсэн ажилгүй, хэлэх юмгүй бол та бүхний өмнө яаж гарах юм бэ? Эргээд уулзах нүүртэй яв гэж ахмадууд маань ярьдаг. Та бүхэн намайг сонгосон, миний нутгийнхан намайг дэмжсэн. Би эргэж ирээд баярлалаа гэж хэлж байна. Нутгийн хүү чинь Монголынхоо төлөө ийм зүйлүүдийг хийлээ гэж хэлэх үүрэгтэй шүү дээ.

Энэ үүргийнхээ дагуу зүүн бүсийн аймгуудын иргэдтэй Дорнод аймагт уулзсан, маш сайхан хүлээж авсан. “Маш буруу ойлголттой явжээ. Ийм их зүйл хийсэн юм байна шүү дээ” хэмээн иргэд маань хэлсэн. Бид зөвхөн хийгээд үр дүн гарсан ажлынхаа тухай л ярьж байгаа. Нийт 120 гаруй ажил байгаа бөгөөд үүнээс базаад цагтаа багтаагаад ярьж байгаа. Мөн саяхан Орхон аймагт төвийн бүсийн аймгуудын иргэдтэй уулзсан. Хийсэн ажлаа дахин давтахгүй танилцуулж байгаа.

Хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд бид албан тушаалтай хариуцлага тооцъё гэж байгаа. Үүний тулд хариуцлагын тухай хуулийг батлуулах гээд байгаа. УИХ-ын гишүүн, иргэдийн төлөөлөгч болон дарга нар муу ажиллаж байгаа бол санал асуулга явуулаад, гарын үсэг цуглуулаад эргүүлээд татчихдаг болъё. Тухайн этгээдийг зөвхөн шоронд суулгаснаар хариуцлага хүлээлгэж байгаа хэрэг биш юм. Албан тушаалаас нь чөлөөлдөг, ямар нэг буруу зүйл хийвэл олны өмнө уучлал гуйлгаж ёсзүйн хариуцлага хүлээлгэх хууль байх хэрэгтэй. Жишээ нь Японы парламентад нэр дэвшигч сонгуулийн үеэр дэвүүр тарааж л дээ. Гэтэл энэ хэрэг илрээд тухайн гишүүн албан тушаалаасаа огцорсон байдаг. Үүнийг л хариуцлага гээд байгаа юм. Хариуцлагын ийм тогтолцоо яагаад Японд байж болоод байхад Монголд байж болдоггүй юм? Физикийн хууль, төрийн алба хоёрт хувийн ашиг сонирхол байх ёсгүй. Нарны гэрэл хүний толгой дээр ядуу баян ялгахгүй тусдаг шүү дээ.

Өнөөдөр энд Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгийн иргэд болон хэвлэл мэдээллийн төлөөлөл ирсэн байгаа. Мөн бид сэтгүүлчидтэй уулзахаар төлөвлөөд байгаа. Манай Ховд аймгийг төв гэж үзвэл үүнийг тойрсон 500 км газар нутагт нийт 25 сая хүн оршин сууж байна. Хилийн чанадын иргэдийг оруулаад шүү дээ. Тэгэхээр Ховд аймагт 25 сая хүний зах зээл байна гэсэн үг. Энд аялал жуулчлал тэргүүтэй салбар цэцэглэн хөгжих асар том боломж байна. Манай ховдчууд хийж бүтээж чадвал өргөн боломж байна. Үүнийг бид онцгой анхаарах хэрэгтэй.

Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч болбол би юу хийх вэ гэж бодохын өмнө Ерөнхийлөгч юу хийж чадах вэ гэж бодох нь зүйтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч олон зүйлийг хийж чадахгүй. Монголын газарзүйн байршил, засаглалын онцлог гэх мэт олон зүйлээс хамаараад хийж чадах зүйл хязгаарлагдмал. Монголын үе үеийн удирдагчид бодсон зүйлээ хэрэгжүүлэх боломж тохиогоогүй. Тиймээс бид хийж чадах зүйлээ, хийж чадаагүй ажлаа үргэлж ярилцаж хэлэлцэж байх хэрэгтэй. Би өнөөдөр төрсөн нутагтаа ирж, иргэдтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Хүний төрсөн нутаг үнэхээр сайхан байдаг. Хорвоогийн энэ хязгааргүй асар уудамд дэлхийд, тэр дундаа Монголд төрнө гэдэг гайхалтай хувь заяа юм. Бид ийм агуу хувь заяагаар холбогдсон улс. Би төрсөн Ховд нутгийнхаа, Монгол Улсынхаа хөгжлийн төлөө цаашид ч зүтгэнэ. Газрын холоос өндөлзтөл, сэтгэл зүрхийг санагалзтал татдаг зүйл бол төрсөн нутаг. Ийм агуу татах хүч зөвхөн төрсөн нутагт, та бүгдэд минь байдаг. Удахгүй дахин уулзахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв.



Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (103.194.17.***)
    2017/05/19 11:46

    ene hudalchaas neg salah yumsan orond ni mongoloo gesen hum garaasai

    (0) (0)