“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна

2017 оны 05-р сарын 16 өдөр, 19 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avtomashingui udur

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-нд буюу ирэх бямба гарагт болно.

Дэлхийн улс орнуудын жишгээр жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэснээр ард иргэдийг эрүүл агаарт явган алхаж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалж буй томоохон арга хэмжээ юм.

Өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй  “Автомашингүй өдөр”-өөр “Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээн болохтой холбогдуулан жанжин Д.Сүхбаатарын талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжны авто замын хөдөлгөөнийг 08:00-18:00 цагийн хооронд хязгаарлахаар болжээ.

“Автомашингүй өдөр”-өөр сонгосон талбайд “Ухаалаг зорчилт-Цэвэр агаар” уриан дор автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэд, олон нийтэд уриалж, бүх нийтийг хамарсан уралдаан тэмцээн, худалдаа үйлчилгээний арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Мөн томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүдийг амраан, тухайн өдрийн ажлыг дараагийн долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэхээр төлөвлөсөн аж. Тухайлбал, энэ өдөр “Шонхор”, “Шөнийн зах”, “Өгөөмөр” техникийн зах болон “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Нарантуул-1”, “Нарантуул-2”, “И март”, “Дүнжингарав”, “Сандэй плаза”, Баянзүрх-1”, “Баянзүрх-2”, “Меркури”, “Барс-1”, “Барс-2”, “Хархорин”, “Мишээл экспо” худалдааны төв, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна.

Нийслэлийн төвийн чиглэлийн авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлаж, томоохон зах болон худалдаа үйлчилгээний төвүүдийг амраах учраас зарим чиглэлд авто замын хөдөлгөөн эрс нэмэгдэх тул ажил амралтын хуваарьтаа тодорхой байдлаар зохицуулалт хийхийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас ард иргэдэд зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх