Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн хошой аварга, “Лондон-2012” олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг анх удаа Азийн аварга болж эх орныхоо нэрийг дуурсгав.
Тэрээр 63 кг-ын жинд алтан медалийн эзэн болов. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон тус тэмцээний эмэгтэйчүүдийн 63, 75 кг-ын жинд Монголын багаас гавьяат тамирчин С.Батцэцэг, спортын мастер Г.Уртнасан нар дэвжээнд гарсан юм. Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг энэ өдөр гурван барилдаанд өрсөлдөгч нараа цэвэр яллаа.
Эхний тойрогт БНСУ-ын Хан Жин Ёныг цэвэр ялсан бол хагас шигшээ барилдаанд эзэн орны Риту Ритуг мөн цэвэр ялсан. С.Батцэцэг аваргын төлөө Японы бөх А.Гимпейтэй барилдаж цаг дуусахаас 5 секундын өмнө түүнийг цэвэр ялж Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа түрүүллээ.
Харин Ази тивийн аваргад анх удаа хүч үзсэн, энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга Г.Уртнасан Узбекистаны Нулифар Гадаеватай шигшээд таарч барилдааад цэвэр ялсан. Харин хагас шигшээд БНХАУ-ын П.Палихад цэвэр ялагдав. Г.Уртнасан хүрэл медалийн төлөө 2016 оны Азийн аваргын хүрэл медальт, Казахстаны Гульмарал Йербековад ялагдаж шагналт байранд оржээ.
БАЯР ХҮРГЬЕ