Хуурай уур амьсгалтай, цөлжилт эрчимтэй явагдаж буй Дундговь аймгийн төв Сакура бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болох нь. “Дунд говь –Хөгжлийн төв” ТББ, “Монгол Хятадын эх үрсийн нийгэмлэг” хамтран тус аймгийн төвд 10 га талбайд сакура тарихаар болжээ.
Япон, Солонгос зэрэг чийглэг уур амьсгалтай оронд түгээмэл ургадаг сакураг Монголд нутагшуулж, эрчимтэй явагдаж буй цөлжилтийн эсрэг тэмцэх ажилд хувь нэмрээ оруулах зорилгоор энэхүү ажлыг зориглон эхлүүлсэн байна. Энэхүү сайн үйлсийн аяныг санаачлагч ТББ-ынхан бүх нийтээр мод тарих өдөр буюу 5-р сарын 13-нд Дундговь аймгийн төвд очиж 300 ширхэг сакурагийн тарьц суулгах юм байна.
Энэхүү санаачлагыг Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, “Үгийн хүч” эмэгтэй сэтгүүлчдийн клубын сэтгүүлчид дэмжин сакура тарихад сайн дураар оролцохоор болжээ.
Цаашид дээрх талбайд говьд тэсвэртэй бутлаг мод, улиас, чацаргана, үхрийн нүд зэрэг жимс жимсгэний мод тарьж, дунд сургуулийн сурагчдын үдийн цайнд хандивлах зорилготой гэнэ.
Аймгийн төв дэх 10 га талбайг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар тохижуулах бөгөөд тарьсан суулгацыг арчилж хамгаалах ажилд онцгой анхаарал хандуулах юм байна. Гурван жилийн дараа гэхэд Дундговь аймгийн төвд хавар сакура цэцэглэж, жимсний мод жимсээ өгдөг болохын төлөө ажиллаж байгаагаа дуулгалаа.
С.Отгон