Монголчууд түүхэн сорилтын, бас сонголтын өмнө тулж ирээд байна. Сорилт гэдгийг тодотговол нийгмээрээ, нийтээрээ амсч буй эдийн засгийн хүндрэлийг юун түрүүнд нэрлэх нь зөв байх. Саяхан л жилдээ 17 хувьд хүрч өсч байсан Монголын эдийн засаг одоо өсөлт бус, хасах үзүүлэлт рүүгээ хальтирч орчихоод явж байна. Дээр нь өндөр хүүтэйгээ хамт хүлээж байгаа бондын өр, дайжиж гарсан гадаадын хөрөнгө оруулалт, дундрах байтугай дуусчихаад байгаа валютын нөөц гээд эдийн засагт эерэг бус сөрөг мэдээ дуулдах болсоор уджээ. Харин 2012-2016 оны хооронд АН засаглах үед дасал болох шахсан энэхүү сөрөг мэдээллүүд саяхнаас солигдож, “ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь”, “Японы 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй урт хугацаатай зээл авахаар боллоо” гээд эдийн засагт эерэг чимээ сонсогдох болжээ. Энэ бол монголчууд манлайллаа сольсны үр дүн биз ээ.
Эдийн засаг хүндэрч, улс орон уруудах үед монголчууд үргэлж МАН-ыг тулж, түшиж ирсэн түүх байдаг. Нэг ёсондоо хэцүү үед ачааны хүндийг Ардын нам л үүрсээр ирсэн нь сүүлийн 25 жилийн улс төрийн гол түүх. 1996-2000 оны хооронд Ардчилсан холбоо эвсэл засаглаж, ард түмний амьдрал хэрхэн доройтож байсныг хүмүүс мартаагүй байх. 2012-2016 оны хооронд ч гэсэн эдийн засагт эерэг бус сөрөг үр дүн гарсаар байсныг саяхны түүх гэрчилнэ. Иймээс л Монголын ард түмэн 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо улс төр дэх шинэ манлайлагчийн эрэлд нийтээрээ, нийгмээрээ гарсан нь дамжиггүй. Тэгвэл тэр “Монгол манлайлал” нь хэн байв?
Улс төрд, улс оронд шинэ манлайлагч хайсан үйл явцын бэлэн дүн нь УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүн юм. Өнгөрсөн жилээс эхэлсэн шат шатны сонгуульд Монголын улс төрийн ууган хүчин МАН л манлайлагч байж ирлээ. УИХ-ын 65 тойрогт тус намын нэр дэвшигчид ялалт байгуулж, 20 аймаг, долоон дүүрэг, 200 гаруй суманд МАН олонхи болоод байна. Энэ удаад ч ялгаагүй МАН манлайлагч байж чадна гэсэн хүлээлт нийгэмд байгаа. Учир нь, удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн ууган хүчин МАН-аас намын дарга Миеэгомбын Энхболд нь нэр дэвшихээр болоод байна. Нам дотроо ч, нийгэмд ч хүчтэй лидер УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой Бага хурал дээрээ нууц санал хураалтаар өрсөлдсөн тэрбээр МАН-ын Бага хурлын гишүүдийн 85.7 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших эрхээ авсан юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн манлайлагч хүчин МАН-ынхан намын лидер, манлайлагчаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болоод байна. Өчигдөр албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчээр хамгийн түрүүнд бүртгүүлсэн МАН-ын дарга Миеэгомбын Энхболд үг хэлэхдээ “Төрт ёс Монгол төрийн тэргүүний сонгуулийн эрхэм хүндтэй энэ үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг үүднээс МАН-аас нэр дэвшсэн миний бие хуулийн хугацаанд нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой материалуудыг бүрэн дүүрэн, хуулийн дагуу бүрдүүлж, Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.
МАН ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээн дээр тогтож ирсэн олон арван жилийн түүхэн уламжлалтай улс төрийн хүчин. Тэр ч утгаараа өнөөдрийн арга хэмжээнд манай намын дарга байсан Б.Даш-Ёндон, УИХ-ын туршлагатай улстөрч Д.Лүндээжанцан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, манай намын дэргэдэх НАМЭХ-ны тэргүүн Ц.Цогзолмаа нарын намын аппаратын хамт олны хамтаар Сонгуулийн ерөнхий хороонд хүрэлцэн ирлээ. Энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль хуулийн дагуу, хуульд нийцсэн бодлого үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсч байна” гэсэн юм.
Х.ТЭРГЭЛ