Нүдний мах, нүдний өөх гэж юу вэ?
Нүдний мах
Энэ нь нүдний салстын дегенераци өөрчлөлт бүхий хэт ягаан туяа болон хуурай цаг агаарын өөрчлөлт зэргээс үүсдэг эмгэг юм.
НҮДНИЙ МАХ, ӨӨХ УРГАХ ШАЛТГААН
Хүмүүсийн нүдэнд мах, өөх ургасан тохиолдол манайд элбэг байдаг бөгөөд энэ нь монгол орны газарзүйн онцлог болон эрс тэс, хуурай уур амьсгалтай холбоотой юм. Үүнээс гадна зарим ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалан уг эмгэг үүсдэг. Жишээ нь, хөдөө хээр, нар салхинд байнга байдаг малчид, ил зах дээр худалдаа эрхлэгчид, тоос шороо, хуурайшил ихтэй үйлдвэр, уурхай, барилгын ажилчид, утаа ууранд ажилладаг тогооч, гагнуурчид гэх мэт. Мөн манай орны говийн бүсэд бусад газрыг бодвол дээрх хоёр эмгэг түлхүү тохиолддог.
Хүний амин чухал бөгөөд нэн эмзэг энэ эрхтний өөрчлөлт эрэгтэй, эмэгтэй аль ч хүнд адилхан үүсдэгийн гол буруутан нь нарны хэт ягаан туяа юм. Нүдний өөх, махыг хайлуулах, алга болгох эм, дусаал байдаггүй. Зөвхөн нүдний махыг эмчийн зааврын дагуу болон гоо сайхны зорилгоор мэс заслын аргаар авдаг. Тэгэхдээ ихэвчлэн нүдний махыг л авахаас бус өөхийг тэр бүр авдаггүй. Учир нь нүдний мах, өөх дахин ургах хандлагатай байдаг байна.
Илрэх шинж:
– Нулимс гарах
– Нүд улайх
– Нүд аргах, хорсох
– Нүдний мах нь хүүхэн хараа руу илүү түрж ургах зэрэг.
Урьдчилан сэргийлэлт:
– Нарны шил тогтмол зүүх
– Нүдээ хуурайшуулахгүй байх
– Нүдээ амрааж байх
Эмчилгээ:
– Эмийн эмчилгээ
– Мэс засал
Нүдний өөх
Энэ нь нүдний салстын дегенераци өөрчлөлт бүхий цайвар шаргал өнгийн ургац нүдэнд бий болох эмгэг юм. Шалтгаан болон шинж тэмдгийн хувьд нүдний мах үүсэхтэй адилхан. Харин эмчилгээний хувьд эмийн эмчилгээ байдаг.
Харааны эрүүл ахуйн дэглэм
Бидний өдөр тутмын ажил болон бусад хүчин зүйл харааны эрүүл ахуйд эерэг болон сөргөөр нөлөөлж байдаг. Өнөө үед аливаа ажлыг зайлшгүй компьютерээр гүйцэтгэж байгаа учир бид өөрсдөөс шалтгаалах боломжтой бүх аргаар хараагаа хамгаалахаас өөр аргагүй юм.
Хүний нүд нэг минутад 12 удаа анивчиж байж нүдийг чийглэдэг бол бид компьютерийн ард удаан сууснаар 4-6-хан удаа нүдээ цавчдаг бөгөөд ийнхүү нүд анивчилт цөөрөхийн хэрээр нүд хуурайших шинж тэмдэг илэрдэг. Тухайлбал:
– Нүд ядрах
– Толгой өвдөх
– Холын зайн фокус өөрчлөгдөх, буурах
– Нүд аргах, хорсох, улайх, загатнах.
– Хүзүү хөших зэрэг.
Анхаарах зүйл:
– Гэрэлтүүлгээ тохируулах
– Цэвэр орчинд ажиллах
– Гялбалтыг бууруулах
– Үе үе завсарлаж ажиллах
– Нүдээ ойр ойрхон анивчих
Нүдний мах, өөхнөөс урьдчилан сэргийлэхийн тулд нүдний эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахих хэрэгтэй. Аль ч насны хүн компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа 5-10 минут завсарлахдаа нүдээ эргэлдүүлэх хөдөлгөөн хийж нүдний булчинг амраах зэргээр тогтмол дасгал хийж байвал сайн. Мөн зөв, цэх суух, компьютерээ зөв байрлуулах нь ч нүдний эрүүл ахуйд нөлөөлдөг.
1-р цогц дасгал /Хараа сайжруулах цогц дасгалууд/:
Нэг дасгалыг 6-гаас доошгүй удаа давтана. Үүнд:
– Нүдийг баруун зүүн тийш хөдөлгөнө.
– Нүдийг дээш доош нь хөдөлгөнө.
– Нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ.
– Нүдээ хурдан, эрчимтэй анивчина.
– Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь энэ үйлдлийг нөгөө талдаа давтана.
Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас эсвэл ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа байр, уул гэх мэт зүйлс рүү шилжүүлнэ.
2-р цогц дасгал /Холын хараа муудахаас сэргийлнэ/:
– Сандлынхаа түшлэгийг налж, нүдээ чанга аниад дараа нь нээнэ.
– Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана.
– Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ.
– Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг ширтэнэ. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харна. Гараа буулгахдаа амьсгаагаа гаргана.
Нүдний массаж:
Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөнөөр нүдэндээ иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайнаар нөлөөлдөг. Ухархайн доод хэсгийн хөдөлгөөн хамар руу чиглэх бол дээд хэсэгт хөмсөгний дээгүүр иллэг хийнэ. Дасгалыг 8-16 удаа давтана.
ГРАНДМЕД ЭМНЭЛЭГ Сувилагч Ц.Сэргэлэн
owcij awdg gsn vnen yum boluu?