Оюутолгой зэрэг томоохон орд газрын эрчим хүчийг дотоодоос хангана

2017 оны 05-р сарын 11 өдөр, 11 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zasag

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.05.10-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Оюутолгой зэрэг томоохон орд газрын эрчим хүчийг дотоодоос хангана

Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Туул голын дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289 у/м төсөр бетон гүүр шинээр барих”, “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэн дэмжлээ.

Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 онд байгуулсан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 118 саяыг нь “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төсөлд зарцуулах юм. Уг хэлэлцээрийг байгуулснаар Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга зэрэг томоохон орд газрыг эрчим хүчээр хангахаас гадна Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд хоёр талын эх үүсвэртэй болно гэж Засгийн газар тооцоолж байна.

Туул гол дээр барих Баянзүрхийн гүүр нь 1963, 1965 онд ашиглалтад орсон учир автозамыг өргөтгөж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах юм. Харин Сонсголонгийн гүүртэй холбогдож байгаа замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөхөөр төлөвлөж байна.

Ард нийтийн санал асуулгын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тухайн хуульд “санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэсний “65-аас доошгүй” гэсэн хугацааг “21-ээс доошгүй” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан байна. Хуульд өөрчлөлт оруулж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулснаар төсвөөс гарах зардлыг бууруулж, хэмнэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзлээ.

Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолборыг тохижуулна

Улсын тусгай хамгаалалттай газарт иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэх, Богдхан ууланд түймэр гарах зэрэг болзошгүй аюулын үед түргэн тусламж, онцгой байдлын албаны машин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх бодит шаардлага байгааг Байгаль орчны сайд Д.Оюунхорол Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Энэ дагуу Богдхан уул орчмын автозамыг өргөтгөх, автозам болон дугуйн зогсоол, нийтийн бие засах газар болон үйлчилгээний төвүүдийг стандартад нийцүүлэн бий болгохыг энэ ондоо багтаан дуусгахыг сайдад даалгалаа.

Түүнчлэн Богдхан уулаас гадна, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолбор газарт мөн ийм аялал жуулчлалын бүс байгуулж, тохижуулахыг г холбогдох сайд, Засаг дарга нарт даалгалаа.

Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулахаар болов

Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сангууд байгуулах зорилго бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компанийг Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулж, дүрмийг нь батлахыг банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргад даалгалаа.

Хөрөнгө оруулалтын сан байгуулснаар уул уурхай, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгож, энэ хүрээнд ажлын байр нэмэгдэх зэрэг давуу талтай гэж Засгийн газар үзлээ.

Богино хугацаанд зээлийн төлбөрийн эрсдэл бий болж, санхүүгийн салбарт болон Хөгжлийн банкны багцад байгаа зээлүүдийн эргэн төлөлтөд энэ хэмжээгээр эрсдэл үүсэх магадлал бий болоод байна. Цаашид нийгмийн дундаж давхаргыг тэлэх, хуримтлал нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үүн дотор хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын экспортыг дэмжих, уул уурхайн салбарын дэд бүтцийг сайжруулах, эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай байгаа учир Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар болжээ.

Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авна

Монгол Улсын засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр тогтлоо. УИХ хэлэлцэн шийдвэрлэвэл ассоциациас 2015-2017 онд манай улсад хуваарилсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авах боломж бүрдэх юм.

Энэ зээлээр ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулж чадавхийг нь нэмэгдүүлэх, эрчим хүчний түгээлтийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр боллоо.

20 жилийн хугацаатай энэ зээл нь жилийн 1,75 хувийн хүүтэй бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил байх юм. Зээлээр аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжилд зориулсан төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар БНЭУ-тай тохиролцоод байна.

Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч 200 сая ам.доллараас дээш дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллараас дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа долоон жил байх юм.

Польшид амьдарч байгаа монгол иргэдээ нийгмийн даатгалд хамруулна

“Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/ хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Н.Номтойбаярт олгохоор боллоо.

Манай иргэд БНПУ-д оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмж авдаг. Харин тэтгэврийн даатгалд хамрагдаж, төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, тэтгэвэрт гарсан хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэс байхгүй байгаа юм.

Иймээс иргэдээ нийгмийн даатгалд хамруулах, тэтгэвэр, тэтгэмж олгохын тулд Засгийн газар БНПУ-ын талтай яриа хэлэлцээ хийж, хэд хэдэн зарчмыг баримтлахаар боллоо. Тухайлбал нийгмийн даатгалд хоёр оронд давхар даатгуулахгүй байх, тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн орны хууль ёсоор төлж, хоёр орны хуулийн дагуу тэтгэврийн насанд хүрч, тэтгэвэр тогтоолгох болзол, нөхцөл хангасан үедээ хоёр улсын тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулах, шимтгэл төлсөн хугацаандаа ногдох тэтгэвэр авах, тэтгэвэр авах эрх үүссэн хүнд хоёр орны нутаг дэвсгэрт болон гуравдагч оронд оршин сууж байгааг үл харгалзан тэтгэвэр олгох зэргээр асуудлыг нь шийдэхийг зорьж байна.

Хэлэлцээр батлагдсанаар БНПУ-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа манай улсын иргэд ирээдүйд тэтгэвэр авахгүй байх, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авдаг байдал арилна гэж Засгийн газар үзлээ.

2015 онд гаргасан статистик мэдээнээс үзвэл БНПУ-д манай улсын 923 иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд 612 нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань хотод байна.

БНСУ-аас хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлнэ

“Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн тухай хэлэлцэв.

Ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулсны дараа зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Шинээр авахаар төлөвлөж байгаа хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, хүү нь 0.2 хувь, эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жил байх юм.

“Хөгжлийн зам” хөтөлбөрийг баталлаа

Зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад орон, тэр дундаа хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Хөтөлбөр хэрэгжсэнээр дэд бүтцийн төслүүдийн хөрөнгө оруулалт, нийгмийн бүтээн байгуулалт нэмэгдэж, эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын хөгжил шинэ шатанд гарч, ажлын байр нэмэгдэн, иргэдийн амьдрал ахуй сайжран, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өснө гэж Засгийн газар үзэж байна.

Товч мэдээ

– Энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 17 дугаар хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд бөгөөд хорооны Монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргилд даалгалаа.

– Цахим дипломат паспорт хэвлүүлэхэд зориулж 32 мянга гаруй евротой тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас Гадаад харилцааны яаманд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээний дагуу ашиглуулахыг зөвшөөрөв. Цахим дипломат паспортанд биеийн давхардал өгөгдөл хадгалах цахим технологи хэрэглэх болсон бөгөөд 7.5 гегабайт багтаамжтай ялтас болон антеннаг хавтсанд байршуулсан байна.

– Төв аймгийн Зуунмод сумын төвийн Баруун Зуунмод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5 км автозамын өргөтгөл, шинэчлэлд шаардагдах зардлыг “Олон улсын болон улсын чанартай автозам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авсан төлбөр, хураамж”-ийн давсан орлогоос санхүүжүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх