Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн Oман улсын “Oman Air S.A.O.C” компанитай хийсэн гэрээний дагуу Боинг 737-700 загварын агаарын хөлөг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр шөнө газардсан тухай сошиалаар шуугиж байна.
Тус компани өмнө нь АНУ-ын Боинг компаниас агаарын хөлгүүдийг авч ашиглаж байгаа бол одоо ийнхүү паркаа шинэчлэв. “Oman Air S.A.O.C” компаниас хүлээн авч байгаа уг Боинг 737-700 агаарын хөлгийг энэ онд нээх гэж буй нислэгийн хоёр шинэ чиглэлд нисгэхээр төлөвлөжээ. Ирэх сарын 22-ноос эхлэн БНСУ-ын Бусан хот руу долоо хоногт 2 удаа шууд нислэг хийх юм. 11 дүгээр сараас Тайландын нийслэл Бангкок руу мөн шууд нислэг хийхээр төлөвлөсөн байна. Уг хөлгийг Монголын иргэний агаарынхан хоёр жилийн хугацаанд түрээсээр ашиглах юм. Цаашид парк шинэчлэлтийг сүүлийн үеийн цоо шинэ онгоцуудаар солих зорилт дэвшүүлсэн тухай МИАТ-ынхан ярьж байна.2019 оны I, II дугаар улиралд “Боинг 737 Макс 8” загварын агаарын хөлгүүдийг үйлдвэрээс гарахад нь Монголд оруулж 12 жилийн хугацаанд түрээсээр ашиглахаар гэрээ байгуулсан байна.
Н.Намуун