Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль болоход ердөө сар гаруйн хугацаа үлдээд байна. Хуулийн дагуу энэ долоо хоногт СЕХ-ноос нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.
Өнөөдрийн байдлаар МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас Н.Энхбаяр нарыг нэр дэвшүүлэхээ мэдэгдээд буй. Гэхдээ улс төрийн гуравдагч хүчнээс нэр дэвшигч Н.Энхбаярын тухайд нэр дэвших боломжгүй. Учир нь түүний хувьд хууль шүүхийн байгууллагаас “ялтайд тооцох хугацаа дуусаагүй” гэж мэдэгдээд байгаа. Тэгэхээр гол өрсөлдөөн М.Энхболд, Х.Баттулга нарын хооронд өрнөх нь тодорхой болохтэй зэрэгцэн нэр дэвшигчидтэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл хэвлэлээр, сошлоор түгэх болов.
Тиймээс дэлхий нийтийн жишгийг дагаж нэр дэвшигчдийн дунд халз мэтгэлцээнийг олон давтамжтайгаар явуулах нь бодит мэдээлэл авах гарц гэж харж олон иргэд харж буй. Энэхүү иргэдийн санаа бодол дээр тулгуурлан “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн явуулах нь хэр зөв шийдэл вэ” гэдэг асуултад зарим иргэний байр суурийг сонирхлоо.
Ж.Болдбаатар: Мэтгэлцээн зохион байгуулж байж л ард иргэд хэнийг сонгохоо шийднэ шүү дээ
Ерөнхийлөгчид яг ямар хүмүүс нэр дэвшээд байгаа юм бэ гэдгийг ялган таниулах үүднээс дунд нь мэтгэлцээн явуулах нь хамгийн зөв шийдэл. Одоо бол бага хугацаа үлдлээ шүү дээ. Тиймээс дор хаяж 2-3 удаа халз мэтгэлцээн зохион байгуулчих хэрэгтэй. Харин мэтгэлцээнээр бол улс оронд болж бүтэхгүй зүйл юу байна, түүнийг хэрхэн засч өөрчлөх юм. Цаашдаа өөрөө Ерөнхийлөгч болчихвол юу хийж хэрэгжүүлэх юм гэх мэтээр мөрийн хөтөлбөрөө нарийвчлан ярьж, олон нийтэд танилцуулах ёстой болов уу. Тэр дундаа улс орны эдийн засгийн байдал өнөөдөр ямар төвшинд хүрсэн байна, түүнээс хэрхэн гарах юм гэх мэтээр мэтгэлцээнээ явуулах хэрэгтэй байх. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээр мэдээж мэтгэлцээн зохион байгуулах байлгүй. Түүнээс наана ч гэсэн зохион байгуулж болно шүү дээ. Долоо хоногт 2-3 удаа байсан ч яадаг юм. Ингэж байж л ард иргэд бодит мэдээлэл авч, хэнийг нь сонговол зөв бэ гэдгийг шийднэ шүү дээ.
Ц.Чойжил: Мэтгэлцээн зохион байгуулахыг дэмжинэ
Ямар ч байсан сонгуулийн санал хураалт болохоос өмнө хэд хэдэн удаа мэтгэлцээн зохион байгуулах нь зөв гэж бодож байгаа. Монгол Улсын төрийн тэргүүн болохын төлөө өрсөлдөж байгаа хүн бол өнөөдрийг хүртэл хийсэн бүтээсэнтэй л байж таараа. Тиймээс тэр бүхнийгээ ярихаас гадна цаашдаа юу хийх юм гэдгээ олон нийтэд тодорхой тайлагнах ёстой байх. Хамгийн гол нь Ерөнхийлөгч болоод ямар бодлогоор ажиллах юм гэдэг талаараа нэр дэвшигчид нүүр нүүрээ хараад ярих нь илүү үр дүнтэй байх. Ийм жишиг олон улсад бас байдаг биз дээ. Жишээлбэл, АНУ-д санал хураалтын өмнө гурван ч удаагийн томоохон мэтгэлцээнийг зохион байгуулдаг. Эхний мэтгэлцээн дээр сул байсан нэр дэвшигч гурав дахь мэтгэлцээндээ сайн байснаар байдлыг эргүүлэх тохиолдол ч байдаг. Тийм учраас манай улс ч гэсэн бодит мэтгэлцээнийг зохион байгуулаад хүмүүст сайн мэдээлэл өгөөсэй л гэж бодож байна. 7-10 хоногт нэг удаа мэтгэлцээд байж болно шүү дээ. Мэтгэлцээний хувьд томоохон бодлогын хэмжээний асуудлыг хөндөж ярилцаж таарах байх. Мэдээж хамгийн гол нь нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр чухал л даа.
О.Оюунчимэг: Санал хураалтаас өмнө 2-3 удаа мэтгэлцүүлэх хэрэгтэй
Улс төрийн намуудаас хэн нэр дэвших нь тодорхой болсонтой холбоотойгоор элдэв гүтгэлэг их өрнөж байх шиг байна. Үнэн, худлыг нь ялгахад ч бэрх болж байна шүү дээ. Заримыг нь худалч хуурамч л гэх юм, бүр нэгийг нь сэжигтэн, яллагдагч л гэх юм. Энэ их мэдээлэл дундаас жирийн иргэд бид үнэн, худлыг нь ялгахад бэрх болж байна. Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад ингэж байгаа юм чинь эхэлчихвэл бүр эх адаггүй юм болох байх л гэж бодоод байгаа. Тэгэхээр олон нийтийн дунд мэтгэлцээн зохион байгуулахыг би хувьдаа дэмжиж байгаа. Гадуур гарч байгаа мэдээллүүдэд өөрсдөө хариулаад үнэн мөнийг ялгаад өгөх байлгүй. Тэгээд ч нэр дэвшигчид нүүр нүүрээ хараад мэтгэлцэхэд хүний байр байдлаас нь хүртэл үнэн, худал ярьж байгаа нь уншигддаг шүү дээ. Тиймээс санал хураалтын өдөр болтол багаар бодоход хоёр удаа мэтгэлцээн зохион байгуулаад ямар санаа бодолтой явдаг хүн юм, цаашдаа Төрийн тэргүүн болбол ямар бодлогоор улс орноо авч явах юм гэдгийг сонсчих нь зөв байх. Энэ дундаас чинь иргэд бид ч бас дүгнэлтээ хийнэ. Ер нь Монгол Улсын төлөө хэн нь ажил хийж чадах вэ гэдгийг мэдэж авна.
Г.Бүдээ: Шинэ Ерөнхийлөгч ард түмний амьдралыг хэрхэн өөд нь татах вэ гэдгийг мэдмээр байна
Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна л гээд байгаа болохоос яг үнэндээ жирийн иргэд бидэнд тодорхой мэдээлэл байхгүй байна шүү дээ. Тэгэхээр хэн нь ямар бодлого дэвшүүлээд, ямар шийдэл яриад байгаа юм гэдгийг тодорхой болгож, иргэдийн сонголтод нэмэр тус болохын тулд халз мэтгэлцээн гээчийг зохион байгуулах нь хамгийн зөв санагдаж байгаа. Дэлхий нийтэд ч гэсэн нэг сонгууль боллоо гэхэд халз мэтгэлцээн зохион байгуулаад байдаг шүү дээ. Мэтгэлцээн зохион байгуулах цаг зав байдаггүй юм бол ядаж ганц удаа ч болов бүх салбарын асуудлыг хамруулсан, мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгасан талаар нь яриулах хэрэгтэй. Энэ дундаа нэр дэвшигчидтэй холбоотой элдэв цуу ярианд ч бас үнэн бодит мэдээлийг нь өгүүлээд сонгогчдыг нэгдсэн ойлголттой болгочих хэрэгтэй. Хэрвээ аль нэг нэр дэвшигч нь ялалт байгуулж, төрийн тэргүүн боллоо гэхэд ард түмнийхээ аж амьдралыг яаж өөд нь татах юм гэдэг асуудал л хамгийн чухал шүү дээ. Өнөөдрийн байдлаар манай улс чинь бараг хуульгүй юм шиг болчихож. Жишээ нь энэ байдлыг шинэ Ерөнхийлөгч яаж засах юм, энэ талаар ямар бодолтой байдаг талаарх үгийг нь сонсмоор байна.
П.Мягмарсүрэн: Нэр дэвшиж байгаа хүн ард түмэндээ чиглэсэн ямар ажил хийх нь чухал
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн дунд халз мэтгэлцээн явуулахыг би хувьдаа дэмжинэ. Хамгийн гол нь нэр дэвшиж байгаа хүмүүс ард түмэндээ чиглэсэн ямар ажил хийх юм гэдэг л миний хувьд чухал байна. Энэ талаар мөрийн хөтөлбөртөө ямар байдлаар тусгасан байдаг юм гэдгээс авахуулаад жирийн иргэд бид сонголт хийхийн тулд мэдээлэлтэй баймаар байна. Жишээлбэл, өнөөдөр дунд үеийнхэн ажилгүй л байна. Ажил хийе гэхээр нас заачихдаг, түүнээс нь болоод ид ажиллах насныхан завсрын хүмүүс болчихоод байна. Тиймээс адаглаад энэ хэсэгт зориулсан ямар бодлого дэвшүүлж байгаа юм гэдгээс авахуулаад цаашдаа нийгмийн давхарга бүрээ яаж анхаарах юм гэдэгт ард түмнийхээ өмнө нээлттэй яримаар байна. Сонгуулийн санал хураалт болоход бага хугацаа үлдэж байна. Тиймээс 4-5 удаа мэтгэлцээн зохион байгуулаад сонгогчдод нэгдсэн ойлголт өгчих нь зөв байх. Гаднын улсууд ч бас санал хураалтаас өмнө хэд хэдэн ч удаа мэтгэлцээн явуулаад байдаг шүү дээ.
Share the post "Иргэд мэтгэлцээнийг хүсч байна"
Хар хайрцагны эзэд аль эрт сонгуулийн шийд гаргачихсаан,Монголчуудын сонголт гэж огт байхгүй,Сүүлчийн жишээ гэхэд Оюу толгой кампан Их хурын шийдвэрийг өөрчилж байна шүү дээ