Шадар сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан Монгол Улсын Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл сэдэвт бодлогын хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д. Оюунхоролын тавьсан илтгэл.
Эрхэм Шадар сайд аа,
Хүндэт нөхөд өө,
Монгол улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулж байгаа “гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл”-ийн асуудлаарх бодлогын хэлэлцүүлэгт оролцож байгаа та бүхний амрыг эрье.
Уур амьсгалын өөрчлөлт нь улс орон, бүс нутаг төдийгүй, даян дэлхийн хөгжлийн чиг хандлагад зайлшгүй харгалзан үзэх ёстой үндсэн асуудал болсон өнөө үед, Монгол улсад гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагаа, удирдлагын тогтолцооны асуудлыг хэлэлцэж байгаа нь нэн чухал юм.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, даван туулахад дэлхий нийтээр үндсэн хоёр стратеги барьж ажиллаж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулах явдал билээ.
Манай оронд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь гол горхи, нуур цөөрөм хатаж ширгэх, мөнх цэвдэг, мөстөл хайлах, зуны хэт халалт, хуурайшлын улмаас хөрс, бэлчээр доройтон цөлжих, ой мод түймэр, өвчин, хортон шавжинд өртөх, байгаль цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, эрч нэмэгдэх байдлаар илэрч байна.
Тухайлбал, агаарын жилийн дундаж температур сүүлийн 70 гаруй жилд дэлхийн дундажаас 3 дахин нэмэгдэж, хур тунадасны улирлын хэмжээ өөрчлөгдөн ууршилт ихэсч байна. Ган зуд болон шороон ба цасан шуурга зэрэг гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн арав гаруй жилд 2 дахин ихэсч, тэдгээрээс үүдсэн эдийн засгийн хохирол нэмэгдэж байгааг та бүхэн мэдэж байгаа.
1990-2000 онд дунджаар жилд 30 орчим аюултай үзэгдэл ажиглагддаг байсан бол 2001-2016 онд энэ тоо даруй 2 дахин нэмэгджээ. Тухайлбал, шороон шуургатай өдрийн тоо 2014 онд 37 байсан бол 2015 онд 47 болж өссөн байна.
Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхлагдал, тариалангийн талбайн хөрсний үржил шимийн бууралт, уул уурхайн үйл ажиллагаа зэргээс үүдэлтэй газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж 2015 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 76.8% цөлжилтөд өртсөн байна.
2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарчээ.
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшлийн улмаас Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, ойн хөнөөлт шавжид нэрвэгдсэн талбай 590 мян.га-г эзэлж байна. Цаашид 2050 он гэхэд одоогийн байгаа түвшинээс 2-3 дахин өсөх хандлагатай байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн эмзэг байдал нь, Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, эдийн засаг, нийгмийн үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон байдлаар явуулах шаардлагыг бий болгож байна.
Гэвч өнөөгийн чадавх, нөхцөл байдал тийм ч хангалттай бус байгааг бодит байдал илтгэж байна. Тухайлбал, ган, зудын гамшгаас сэргийлэх бэлэн байдлыг хангаагүй, хохирол багатай даван туулах бэлтгэлгүй малчид малаа үй олноор хорогдуулж амьжиргаагаа алдан төв суурин бараадах, их нүүдлийн хөлд дарагдсан хот суурин газрын экосистем, нийгмийн хамгааллын даац хэтэрч, үер усны аюулд өртөж, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа зэрэг нь эрсдэлийг үнэлдэггүй, эмзэг байдлыг бууруулах гамшгийн менежментийн систем хангалттай бүрдээгүй, сул байгааг харуулж байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэдэг нь улс орны эдийн засаг, нийгэм, байгаль орчинд тулгарч байгаа эрсдлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх байдлаар хөгжлийг төлөвлөх, хэрэгжүүлэх гэсэн үг билээ.
Нөхцөл байдалд дүгнэлт хийж Монгол Улсын төрөөс тогтвортой хөгжлийг хангах, Үндсэн хуулиар олгосон Монгол Улсын иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг баталгаажуулах чиглэлээр бодлогын барим бичгүүдийг батлан хэрэгжүүлж байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох Монгол Улсын бодлогыг Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Ногоон хөгжлийн бодлого, тэдгээрийг хэрэгжүүлэх Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр зэрэг баримт бичигт тусгаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах, олон нийтийн оролцоог дэмжих гэсэн үндсэн зорилтуудыг тодорхойлсон билээ.
Уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий Монгол Улсын хувьд Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрт цаг алдалгүй нэгдэн орж, олон улсын дэмжлэг туслалцаанд хамрагдах зайлшгүй шаардлагатайг яамны зүгээс онцгойлон анхаарч, Парисын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг боловсруулан, УИХ-ын 2016 оны 9-р сарын 1-ний өдөр ээлжит бус чуулганаар батлуулсан.
Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний хувь нэмэр баримт бичигт хүлэмжийн хийг 14%-иар бууруулах үүргийг хүлээхээс гадна дасан зохицох, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг салбаруудын эрсдлийг бууруулах асуудлуудыг тусгаж өгсөн.
Дасан зохицоход уур амьсгалын өөрчлөлтөд эрсдэл багатай эдийн засгийг дэмжих, түүнд шаардагдах ажиллах хүчнийг бэлтгэх, ганд тэсвэртэй үр тариа гаргах мэтээр шинэ технологи, инновацийг хөгжүүлэх, ус, эрчим хүч зэрэг нөөцийг бүх шатанд арвилан хэмнэх, гамшгийн эрсдлийг бууруулах зэргээр салбар бүрийн оролцоо, тухайн асуудлын талаарх нэгдмэл ойлголттой байх нь маш чухал юм.
Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг чиглүүлэх, уялдуулах, салбар дундын давхардлыг арилгах, чухал үйл ажиллагааг орхигдуулахгүй байх зэргийг зохицуулах удирдлага, институцийн бүтцийг илүү тодорхой болгох нь зүйтэй байна.
БОАЖЯ–аас хэрэгжүүлж үйл ажиллагаа нь агаар, орчны бохирдол, хог хаягдлыг бууруулах, нүүрсхүчлийн хийг шингээх чадавхийг нэмэгдүүлж хүлэмжийн хийг бууруулахад чиглэж байна.
Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн зорилтын хүрээнд хийгдэж байгаа байгальд ээлтэй хөгжлийн төлөвлөлт, арвилан хэмнэлт, технологийн шинэчлэл, гамшгийн эрсдлийг бууруулах зэрэг дасан зохицох чиглэлийн үйл ажиллагаанд олон салбар, ялангуяа гамшгаас сэргийлэх төрийн төв байгууллагын үүрэг оролцоо ихээхэн чухал байгаа юм.
Гамшгийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Ус цаг уурын салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж энэ хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт цаг уурын радарын улсын сүлжээг бий болгох зорилтыг тавин ажиллаж байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмууд нэгэнт бий болоод байна. Тухайлбал, НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд жил бүр 100 тэрбум ам. доллар бүрдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөж байна. БОАЖЯ-аас уг санд хандан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги боловсруулж жишиг төсөл хэрэгжүүлэх, эрсдлийн менежментийг сайжруулах, чадавх бэхжүүлэх чиглэлээр 3 төслийн саналыг боловсруулан хүргүүлээд байна. Эдгээр төслүүдийн эхний шатанд дэмжигдэж, дараагийн шатны үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Энэ бүхнээс дараах дүгнэлтийг хийж болохоор байна.
- Монгол улсад ажиглагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, ирээдүйн төлөв байдал нь түүнд эдийн засаг, нийгмээрээ дасан зохицох шаардлагатай,
- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилгод хүрэхэд бүх салбарын идэвхитэй оролцоо, хамтын хүчин чармайлт хэрэгтэй бөгөөд зөвхөн байгаль орчны эсвэл гамшгийн эрсдлийг бууруулах салбарын асуудал биш,
- Дасан зохицох чиглэлийн салбар-дундын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, уялдуулах бүтэц, удирдлагын тогтолцоо, үүрэг хариуцлагын хуваарилалтыг тодорхой болгох,
- Цаг агаарын гамшигт үзэгдлийн мониторинг хийх, гамшигт үзэгдлийг эртнээс сэрэмжлүүлэхэд чухал ач холбогдолтой цаг уурын РАДАРЫН үндэсний сүлжээг бий болгох шаардлагатай байна. Радарын сүлжээг бий болгосноор байгалийн гамшигт үзэгдлээс үүдэн гарах эрсдлийг бууруулах нөхцлийг бий болгоод зогсохгүй цаашлаад эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зогсох чадавхийг бий болгох юм.
- Аливаа гамшиг нь Монгол улсын хөгжлийн ололт, олон хүний нөр их хөдөлмөрийг маш богино хугацаанд үгүй болгох аюулыг дагуулдаг учраас уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийг үнэлэх, бууруулах, дасан зохицох ажлыг удирдлагын шинэ шатанд гаргах нь нэн чухал байгааг онцолж байна.
Хүйн холбоотой эх дэлхийгээ цэлмэг хөх тэнгэртэй, цэнгэг гол мөрөнтэй, онгон дагшин байгальтай нь ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхэд бидний хамтын ажиллагаа нэн чухал байх болно .
Анхаарал тавьсанд баярлалаа.