Л.Ганбаяр: Хүүхдээр бизнес хийж болдоггүй юм

2017 оны 05-р сарын 09 өдөр, 12 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ganbayar

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Л.Ганбаяртай ярилцлаа. Манай улс 1.1 сая хүүхэдтэй. Хүүхдийн мэс заслын бүхий л эмчилгээг эдний тасгийн 12 эмч, 24 сувилагч хариуцаж ажилладаг гэхээр Л.Ганбаяр эмчийн багийнхны хариуцлага өндөр. Ачаалал ихтэй ч ажилдаа дуртай тэрбээр “Монголчууд олуулаа болох хэрэгтэй” гэж олонтаа хэлж байсныг ярилцлагынхаа эхэнд онцолъё. Товлосон цагтаа түүний ажил дээр очиход өдөр эхэлсэн хагалгаа нь хараахан дуусаагүй байв. Эмчийг хүлээх зуур мэс заслын тасгийн хонгилд хэсэг хэсгээр зогсох хүмүүсийн яриа сонсогдоно. Мухар олгой нь дотроо хагарч хүндхэн хагалгаанд орсон хүүдээ санаа зовж уйлах ээжийг ар гэрийнхэн тайтгаруулахыг хичээх. Өглөө хагалгаанд орсон бяцхан охиныхоо шөлийг сувилагчаар дайж явуулаад амар амгалан зогсох аавын төрх… Мэс заслын тасгийн буйдхан хонгилд үр хүүхдийнхээ төлөө айж түгшсэн, юу хийхээ үл мэдэн сандрахдаа дэмий л холхих нэгэнд итгэл төрүүлж, гэрт нь инээд хөөрийг бэлэглэдэг нь гагцхүү алтан гартай эмч нар аж. Ийн эргэцүүлж байтал эмч ирж, бидний яриа эхэллээ.

-Хагалгаа амжилттай болов уу. Танай багийнхан сая ямар мэс засал хийгээд гарч ирэв?

-Цөсний сувгийн төрөлхийн битүүрэлтэй хоёр сартай хүүхдэд хагалгаа хийлээ. Хүүхдийн элгэнд цөс үүсэж, цөсний ерөнхий сувгаар дамжин гэдсэнд орох ёстой. Гэтэл элгэн доторх цөсний суваг нь битүүрэлтэй учир гэдэс рүү цөс орохгүй хоол боловсруулах замын эмгэг үүсэж байгаа юм. Цөсний сувгийн битүүрэлтэй хүүхдийн арьс нь шар, элэгний үйл ажиллагааны шинжилгээ өөрчлөлттэй гардаг. Ийм хүүхдэд мэс засал хийхээс өөр аргагүй. Элгэнд ямар нэг хэмжээгээр цөс үүсвэл бидний хийсэн мэс заслаар цөсний дамжих замыг бий болгож байгаа юм.

Ийм эмгэгтэй хүүхэд олон байдаг уу?

-Жилдээ ийм эмгэгтэй 15-16 хүүхдэд мэс засал хийж байна. Ийм өвчтэй хүүхдэд төрснөөс нь хойш удалгүй мэс засал хийвэл илүү үр дүнтэй. Манайд бас хожуу оношлогдоод байгаа. Сая хагалгаанд орсон хүүхэд Архангай аймгийнх. Эрт оношилж, элгэнд нь цирроз буюу хатуурал үүсэхээс өмнө мэс заслаар эмчлэх бүрэн боломжтой. Хоёр сараас дээш гурван сартай болбол хүүхдэд аль хэдийнэ цирроз үүссэн байдаг. Маш хурдан явцтай, цөсний шалтгаантай элэгний хатуурал хүүхдэд үүсдэг. Элгэнд цөс үүсэж байвал замыг нь нээгээд өгчихвөл ихэнх хүүхэд энэ хагалгааны дараа зүгээр болчихдог. Зарим нь элгэн дотроо цөс үүсэхгүй бол элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээс өөр аргагүй юм.

-Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг гурван хүүхдэд хийсэн. Энэ гурван хүүхэд тийм шалтгаантай байсан уу?

-Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг Нэгдүгээр эмнэлэгт байдаг. Манай эмнэлэгт хүүхдийн элэг шилжүүлэн суулгах баг бий. Манай хоёр баг Солонгосын Асан эмнэлэгтэй хамтарч гурван хүүхдэд мэс засал хийлээ. 2014 онд хоёр хүүхдэд, сая 2017 оны дөрөвдүгээр сард нэг хүүхдэд хийсэн. Энэ гурван хүүхдийн донор  ээжүүд нь байсан. Ээжийнх нь элэгнээс хэсгийг нь тайрч аваад, хүүхдэд суулгасан хагалгаа гурвуулаа амжилттай болсон. Хүүхэд төрсний дараа физиологийн шарлалт гэж байдаг. Мөөмөө хөхөөд эхлэхэд шарлалт аяндаа арилдаг. Физиологийн шарлалт 14 хоногоос хойш арилахгүй бол эмийн эмчилгээ хийнэ. Эмийн эмчилгээ үр дүнгүй байвал энэ өвчнөөр сэжиглэнэ. ЭХЭМҮТ рүү шилжүүлж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн үг.

-Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай хэчнээн хүүхэд манайд байна вэ?

-Хяналтад 50 гаруй хүүхэд байна. Тэднийгээ эрэмбэлж, ангилаад ойрын үед элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 5-6 хүүхэд байна. Гэхдээ донор тийм амар олддоггүй. Ээжүүд нь шинжилгээ өгнө. Цоо эрүүл хүн л донор болдог. Бүх шинжилгээ нь хүүхэдтэйгээ тохирвол донор болно. Олон төрлийн маш нарийн шинжилгээ хийдэг. Бид ойрын үед гурван хүүхдийг судлаад явж байна.

-Төрөлхийн цөсний сувгийн битүүрэлтэй хүүхдэд элэг шилжүүлэхээс өөр эмчилгээний арга бий юү?

-Хүүхдийн өвчний явцаас шалтгаалаад өөр өөр байдаг. Ер нь элэг шилжүүлэн суулгахгүй бол тавилан муу, удаан амьдарч чадахгүй гэдгийг эхлээд эцэг, эхэд нь сайн ойлгуулах ёстой. Хүүхэд нь одоо тоглоод, сургууль, цэцэрлэгтээ яваад байхад “Юун элэг шилжүүлэн суулгах” гээд хүлээж авдаггүй. Бид нар шинжилгээ аваад явцдаа муудна гэдгийг мэдэж байна шүү дээ. Хүндрээгүй учир ар гэрийнхэн нь ойлгохгүй.

Цустай бөөлжиж, цустай баагаад ирэхэд нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх үе хэдийнэ өнгөрч, хүндэрсэн байдаг. Хагалгааны үед хүндрэх, нас барах эрсдэлтэй болсон байдаг. Шаардлагатай л бол элэг шилжүүлэн суулгах хагалгааг эрт хийлгэвэл хүүхэд урт насална, удаан жаргана. Энэ хагалгааг хийлгэсэн гурван хүүхдийн эхний хоёр нь яг цаг хугацаандаа, гурав дахь хүүхэд арай оройтсон. Гэхдээ би өчигдөр Нэгдүгээр эмнэлэгт очиж үзээд ирлээ. Гайгүй сайхан болсон, хүнд үеэ давсан байна.

-Энэ бол маш өртөг өндөртэй хагалгаа. Хүүхдэд ямар үнээр хийж байгаа вэ?

-Элэг шилжүүлэн суулгах мэс заслын өртөг нь 105 сая төгрөг юм билээ. Хүүхдийн тунгаар эмчлэх учир том хүнээс арай бага эм, тариа хэрэглэнэ. Том хүнээс 10-20 сая төгрөгөөр бага байх. Эхний хоёр хүүхдэд хагалгааг төлбөртэй хийсэн. Гурав дахь хүүхдийг хагалгаанд орох үед Засгийн газраас эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг үнэ төлбөргүй болгох шийдвэр гарсан учир төлбөргүй хийсэн.

Гэхдээ эрүүл мэндийн даатгалаас зөвхөн хагалгааны үеийн зардлыг даана. Хагалгаанаас өмнөх донор сонгох шинжилгээнүүд, хагалгаанд бэлтгэх эмчилгээг төлбөртэй хийлгэнэ. Хэдий тийм ч хамаагүй хөнгөлөлттэй, үнэгүйтэй адилхан болсон. Жилд 40 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг үнэ төлбөргүй хийхээр болсон. Түүнээс дор хаяж дөрвийг нь хүүхдэд хиймээр байна л даа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх