Тэртээ 72 жилийн өмнөх энэ өдөр Гитлерийн Герман дайнд ялагдсанаа хүлээн зөвшөөрч бууж өгөх актанд гарын үсэг зурсан юм. Жил бүрийн 5 дугаар сарын 9-ний өдөр ОХУ даяар Ялалтын баярыг сүр жавхлантай тэмдэглэдэг билээ.
Энэ жил баярын парад Москва, Санкт-Петербург, Смоленск, Мурманск, Тула, Новороссийск, Волгоград, Севастополь, Керчи зэрэг ОХУ-ын баатар хотуудад болно. Ялалтын баярын парадад нийт 11 мянган цэргийн алба хаагч, 151 байлдааны зэвсэг техник, 69 онгоц болон нисдэг тэрэг оролцох аж. Дэлхийн хоёрдугаар дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан байна.
Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна. Монгол Улс бол Эх орны дайны үед ЗХУ-ын хамгийн анхны холбоотон улс байсан юм.
Фашистын Герман ЗХУ-д халдан довтолсон 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр БНМАУ нь ЗХУ-ын холбоотон гэдгээ албан ёсоор зарласан билээ. Монголчууд дайны эхний өдрөөс дайн дуустал Зөвлөлтийн улаан армийн найдвартай ар тал болж байсан юм.
Дайны жилүүдэд монголчууд хагас сая тонн мах, 500 мянган агт морь, дулаан хувцас, малгай, бээлий, хүрэм,хоол хүнсний зүйл бэлэглэсэн төдийгүй улаан армид Монголын ард түмний хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль байгуулж өгсөн түүхтэй. Өнгөрсөн жилийн ялалтын баяраар Монголын зэвсэгт хүчний дайчид баярын жагсаалд оролцож, Москва хотын Улаанталбайд хөл тавин алхсан юм.
Н.Намуун