НИЙГЭМ

Бэртсэн охидын биеийн байдал хэвийн

2017 оны 05-р сарын 09 өдөр, 12 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gimnastik

ОХУ-ын Забайкальст уржигдар Монголын гимнастикчдийн баг тамирчдын сууж явсан “Hyundai” маркийн автобус осолдсон байна. Тодруулбал Орос-Хятадын хилийн зүг “Чита-Забайкальск” замаар явж байгаад осолджээ. ОХУ-ын Забайкальск хязгаарын Дотоод хэргийн газраас мэдээлснээр бол Читагаас 50 километрийн зайтай, Карымск дүүргийн Дарасун хэмээх тосгоны ойролцоо болсон байна. Оросын хууль сахиулах байгууллагынхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Гэвч нөхцөл байдлыг нягтлан шалгахад орчуулагч шаардлагатай болсон байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр жолооч нь харанхуйд замаа андуурснаас засвар хийж байсан зам руу орж жолоодлого алдаж автобус замын хажуу руу онхолдсон байна. Осол өнгөрсөн ням гаригийн оройны 22:00 цагт болсон бөгөөд зорчигчдод яаралтай тусламж үзүүлж, автобусыг татан гаргасан аж. Орон нутгийн хэвлэл мэдээлэлд бичсэнээр зорчигчод нь бүгд монголчууд байсан бөгөөд нийт 23 хүн явж байснаас 18 нь хүүхэд байсан гэнэ. Түүнээс 15 нь зургаагаас арван насны гимнастикийн тамирчид аж. Тэдгээрээс хоёр охин гэмтэж бэртсэн боловч биеийн байдал нь хэвийн байгаа гэв. Осол гарсан тухай дуудлага өгсөн даруйд Оросын замын цагдаа нар хэргийн газар хүрэлцэн очиж тусламж үзүүлжээ. Бэртсэн хоёр охинд газар дээр нь яаралтай тусламж үзүүлээд Читагийн орон нутгийн хүүхдийн эмнэлэгт хүргэж шаардлагатай шинжилгээ хийжээ. Нэг охины уруул нь сэтэрсэн тул оёдол тавьсан хоёдах охин гар, хөлөө шалбалсан аж. Бусад зорчигчид болох 13 хүүхэд болон хоёр том хүнийг Агинское тосгоны Багшийн коллежийн дотуур байранд байрлуулсан тухай Оросын хэвлэлд бичжээ. Үүнтэй холбогдуулан Монголын Гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбаттай холбогдож зарим зүйлийг тодрууллаа. Осол гарсны дараахан Монголын гимнастикийн холбоотой ОХУ-ын Онцгой байдлын яам, Монголын Онцгой байдлын газар, ТТГ, Хилийн алба зэрэг газраас холбогдсон аж. Г.Ерөөлбатын хэлснээр залуу тамирчид маань Агинст болсон “Звездочки Аги-2017” олон улсын нээлттэй тэмцээнд оролцоод буцаж явжээ. Гимнастикчид маань зургаан алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж маш амжилттай оролцсон гэнэ. “Hyundai”автобус “Атибус” компанийх байсан аж. Тус компани шуурхай арга хэмжээ авч зардлыг гаргаж бүх тамирчдыг нутагт нь хурдан авчрах ажлыг зохион байгуулжээ. Ингээд “Звездочки Аги-2017” олон улсын тэмцээнд оролцсон тамирчид маань өчигдөр орой 18:10 цагт галт тэргээр Улаанбаатарыг зорьсон байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013