Агуу эх орны дайн хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн дэлхийн 2 дугаар дайны хүнд хэцүү үед монголчууд Оросын ард түмэнд чин сэтгэлийн тусламж үзүүлж байсан билээ. Монголын ард түмнээс Зөвлөлтийн улаан армид 500 мянга гаруй монгол морьдыг бэлэглэсэн юм. Тэдгээр морьдод зориулсан хөшөө дурсгалыг Москва хотын Безымянная аллея гудамжинд сүндэрлүүлжээ. Хус моддын дунд орших үзэсгэлэнт сайхан гудамжинд нэгэн цагт дайны гал дүрэлзэж байхад намаг шавар,цас бороог үл ажран фронтын хэцүү замаар их буу чирэн зүтгэж явсан морьдыг уран барималчид хөшөөнд мөнхөлсөн нь энэ. Монголчууд “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор адуу мал,алт мөнгө аль байгаагаа Оросын ахан дүүстээ хандивлан бэлэглэж байсан. Монгочуудын цуглуулсан хөрөнгөөр “Хуягт Монгол” танкийн цуваа”,”Монгол ард” сөнөөгч онгоцны эскадриль Берлин хүртэл тулалдсан түүхтэй. Хөшөөний нээлтийн ёслол дээр Москва хотын Зөвлөлийн дарга А.Шапошников хэлэхдээ,”Зөвлөлтийн ард түмний сэтгэл зүрхэнд тодоос тод бахархал,дурсамж үлдээсэн баатарлаг монгол морьд дайны эхэнд тээврийн үндсэн хэрэгсэл болж байсан төдийгүй Берлин хүртэл явсан. Монголын ард түмний тусламжид гүн талархал илэрхийлэхийг хүсч байна. Энэ бол бидний хамтын ялалт байсан юм. Энэхүү дурсгалт хөшөөний дэргэд амьд цэцгүүд байнга тавигдах болно гэдэгт би итгэлтэй байна” гэсэн юм. Жижигхэн биедээ баймгүй хүч чадал,гайхалтай тэсвэр тэвчээртэй монгол морьд галын шугам руу хоол хүнс, хувцас, буу сум хэрэгсэл гээд бүхий л зүйлийг зөөвөрлөн хүргэдэг байсныг өгүүлсэн хөшөөг харсан хүн бүр монгол морьдын гайхамшгийг бишрэн байв. Уг хөшөөний төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2015 оны 5 дугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд өргөн барьсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Москва хотын засаг захиргааны туслалцаа, ОХУ дахь Монголын Элчин сайдын яамны дэмжлэгээр хөшөөг нээж байгааг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил онцолсон юм.