АН-аас зургаан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлээд байна. Нам доторх сунгаа, хэрхэн санал авах талаарх “хувь ажиллагаа” ид явагдаж буй энэ үед тэдний хэн нь чухам Монгол Улсын төрийн тэргүүний төлөө өрсөлдөх шалгуурыг хангах вэ гэдгийг хамтдаа харцгаая. Тус намаас Р.Амаржаргал, Л.Болд, Х.Баттулга, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нар нэр дэвшихээр бүртгүүлээд буй. Эдгээр эрхмээс хамгийн шаанс өндөртэйд Р.Амаржаргал, Х.Баттулга, Н.Алтанхуяг, Л.Болд нарыг нэрлэж байгаа. Гэхдээ энэ намаас нэг л нэр дэвшигч тодрох учиртай. Монгол Улсын төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч хүн ямар байх ёстой вэ. Ардчиллын анхдагч, тууштай, цэвэр ёс зүйтэй, олон түмэнд танигдсан, эх орноо төлөөлж чадах, батлан хамгаалах болон гадаад харилцааны мэдлэг туршлагатай байх нь АН-аас нэр дэвшигчийн үндсэн шалгуур байх учиртай.
Энэ үүднээс нь авч үзвэл дээрх болзлуудыг хангах нь Л.Болд болж харагдаад байгаа юм. Түүний хувьд ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, 1990 оноос хойш АН-д тууштай яваа. Ямар нэг хэрэг түвэгт холбогдож байгаагүй төдийгүй оффшорт нуусан мөнгөгүй. 2016 онд тав дахиа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Орос, англи, герман, франц хэлтэй. Батлан хамгаалах болон Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан нэгэн.
Гэтэл “Женко” Х.Баттулга л гэхэд Л.Болдтой харьцуулахад дээрх бүх шалгуурыг хангахааргүй байна. Тодруулбал, 2004 онд Эх орон намаас АН-д элссэн, 2014 онд засгаа унагах ажлыг гардан зохион байгуулсан, 2016 онд УИХ-д нутгаасаа нэр дэвшээд унасан, гадаад хэлгүй төдийгүй Батлан хамгаалах, Гадаад харилцааны салбарт туршлагагүй. Хамгийн том асуудал нь түүний хувьд төмөр замын асуудлаар эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдсан, туслах нь эрэн сурвалжлагдаж байгаа. Ингэхээр “Женко”-гийн хувьд үндсэндээ Монгол төрийн тэргүүний сэнтий хаалттай нь харагдана.
Харин Н.Алтанхуягийн тухайд хамгийн наад захын шалгуур болох гадаад хэлгүй. Өөрөөр хэлбэл, төрийн тэргүүн болсон тохиолдолд гадаад орчинтой чөлөөтэй хэл нэвтрэлцэх боломжгүй хүн гэсэн үг. Цаашилбал, 2016 онд нутагтаа нэр дэвшээд өвдөг шороодсон муу түүх түүнд бий. Хамгийн том асуудал нь мөн л Х.Баттулгын адилаар хууль хяналтынхан түүнийг сэжигтнээр татаж байсан. Үндсэндээ хууль шүүхийн байгууллага дээр асуудалтай. Хүргэн Дэндэн болон зөвлөх нь ял авсан. Зөвхөн энэ үзүүлэлтээс харахад бүхэл бүтэн тусгаар улсын номер нэг хүн байхад дутагдалтай тал дэндүү олон учраас ард түмэн түүнд итгэл үзүүлэх нь тун чиг эргэлзээтэй.
Р.Амаржаргалын хувьд төрийн хар хүн гэх тодотголтойгоор улс төрд төдийгөөс өдий хүрсэн ч мөн л Ерөнхийлөгчийн энд хүрэхгүй. Ардчиллын анхдагч, тууштай байх гэсэн АН-ынхны үндсэн шалгуурыг хангахгүй нэгэн. Тухайлбал, тэрбээр МҮДН-нд сүүлд шинээр элссэн буюу энэ намын анхдагчдын нэг биш. 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй буюу намаасаа мандат олж авч чадаагүй. 2004 онд УИХ-д бие даан нэр дэвшээд хөөгдсөн. 2014 онд АН засаглаж байх үед засгаа унагах кноп дарсан буюу өөрийн намын удирдсан Засгийн газарт хамгийн их сэтгэл дундуур байсан. Энэ ч утгаараа засгаа унагах ажиллагаанд оройлон оролцсон байдаг. Энэ бүхнийг дурдахын учир нь хэрвээ ийм хүн төрийн тэргүүн болбол улс орныхоо төлөө бус амин хувийн ашгийнхаа төлөө эрсдэлтэй, улсынхаа бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулах магадлал тун өндөр. АН-ын жирийн гишүүд горилогчдын хэн нь хэн бэ гэдгийг сайн мэдэж байгаа учраас дээрх шалгуур үзүүлэлт болон нэр дэвшигчдийн байр байдлыг сайтар харж байж шийдвэрээ гаргахгүй бол ирээдүй хойч үеэ итгэлгүй нөхдөд үлдээж байгаатай агаар нэг зүйл болохыг сануулъя.