Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллалаа. Тэрээр Сэлэнгэ аймгийн Ардчилсан нам, аймгийн намын хорооны хуралдаанд оролцож намын гишүүдтэй санал бодлоо солилцсон юм. Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүдийн идэвхи зүтгэл намын шинэчлэл дотоод сонгуулиас хойш улам нэмэгджээ. Өмнө нь Ардчилсан нам их хурлаа хийж чадахгүй, ҮЗХ нь хуралдахгүй, гишүүдийн санал бодлыг сонсдоггүй нам байсан. Гэтэл өнөөдөр Ардчилсан нам бүх гишүүдийн саналаар сонгогдсон удирдлагын бүрэлдэхүүнтэй, намын гишүүдийн шийдвэр сонголтоор томилгоо хийдэг, намд залуучуудын цус сэлбэлтийг хангалттай хийж байгаа гишүүн төвтэй нам болсон байна гэж Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүд дүгнэв. Аймгийн намын хорооны хуралдааны дараа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дарга Б.Мөнхтөр нар ҮБХ-ны гишүүн, сумын намын дарга , аймгийн намын хорооны гишүүдийн бүрэн эрхийг батламжиллаа. Мөн Ардчилсан хувьсгалын төлөө зүтгэж тэмцэж яваа намын зарим гишүүдэд Ардчилсан намын дээд шагнал “Эрх чөлөөний одон”, “Ардчиллын ахмад зүтгэлтэн”, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дээд шагнал “Лиш одон” зэргийг гардуулсан юм.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Баруун Мөрөн сумын АН-ын дарга Ц.Нямдоржоос сэтгэгдлийг нь сонссон юм.
Тэрээр “1995 оноос хойш Ардчилсан намынхаа төлөө зүтгэж 2000 онд таван нам нэгдсэнээс хойш Сэлэнгэ аймгийн Баруун Мөрөн сумын Ардчилсан намын даргаар тасралтгүй 23 жил ажиллаж байна. Манай сум долоон удаа орон нутгийн сонгууль явагдахад дөрвөн удаад нь ялалт байгуулсан. Ардчилсан намын өгсөж, уруудах үед нь үзэл бодлоосоо ухралгүй сумынхаа иргэдэд Ардчиллын дархлааг бий болгох, үзэл бодлынхоо төлөө тууштай тэмцэх ёстойг уриалсаар ирлээ. Өнөөдөр Ардчилсан нам шинэчлэл хэмээх том үйлийг эхлүүлж намын жирийн гишүүдийн санаа бодлыг сонсож, гишүүддээ тулгуурласан нам болон шинэчлэгдэж байгааг намын гишүүний хувьд дэмжиж байгаа” гэлээ.