Улсын хэмжээнд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн 24 сум, дүүрэгт 30 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 1564 га ой, 20297 га хээр, нийт 21861 га талбай түймэрт өртсөн байна.
Улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг 2016 оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 70 хувь өссөн, түймэрт өртөж шатсан га талбай 6,2 дахин буурсан үзүүлэлтэй байна.
Тухайлбал, хамгийн их талбай хамарсан түймэр буюу Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн нутаг Зүүн гар хөндий гэдэг газар 2017.04.03-ны өдөр гарсан хээрийн түймэрт нийт 10.000 га орчим хээрийн бүс шатаж гал түймрийг унтраахаар Онцгой байдал, Хил хамгаалах байгууллага, Орон нутгаас нийт 137 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.
Ой, хээрийн гал түймрийн шалтгаан нөхцөл, шатсан га талбай, учирсан хохирлыг тогтоохоор Цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Дээрх 30 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 416 албан хаагч, 42 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 127 албан хаагч, 9 автомашин, Цагдаагийн байгууллагаас 4 албан хаагч, орон нутгаас 891 иргэн, 105 автомашин тус тус дайчлагдан нийт 1438 хүн, 156 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
Хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд объектын болон ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга нар, холбогдох яам агентлагын удирдлагуудад хүргүүлсэн.
Улсын Онцгой комиссын албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх тухай” албан даалгаврыг гарган аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарт хүргүүлэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.
Мөн “Ой, хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдал, ой, хээрийн гал түймэр унтраах бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх” нэгдсэн удирдамжит арга хэмжээг зохион байгуулж гарсан гал түймрийг хохирол багатай шуурхай унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.