Монгол Улсад оршин суугч болон түр ирэгч, хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг англи хэл дээр сурталчлан таниулах чиглэлээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар, Gogo мэдээний агентлаг хамтран ажиллахаар боллоо.
Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, “Монгол контент” ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Гантуяа нар хамтын ажиллагааны санамж бичиг өнөөдөр үзэглэсэн юм.
Хоёр талын хамтын ажиллагаа нь гадаадын иргэдийг захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Монгол Улсын үндсэн хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Харьяатын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, мэдээ мэдээллийг олон нийтэд нээлттэй, шуурхай, хүртээмжтэй хүргэх, мөн гадны орнуудад ажиллаж, амьдарч буй Монголчуудад зориулсан шуурхай мэдээллийг баттай эх сурвалжаас цаг алдалгүй дамжуулах боломжоор хангахад чиглэгдэх аж.
Энэ талаар гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн: Манай байгууллагаас гадаадын иргэдийг уригч хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зайлшгүй хүргэх шаардлагатай хууль тогтоомж болоод мэдээ, мэдээллүүд тогтмол гардаг. Эдгээр мэдээллийг дэлхийн өнцөг бүрт ажиллаж амьдарч байгаа Монголчууд, Монгол улсад сурч, хөдөлмөрлөж, амьдарч буй гадны иргэдэд танай сайтаар дамжуулан хүргэх болсондоо баяртай байна. Мөн Монгол Улсын иргэд олноор зорчиж, ажиллаж амьдардаг орнуудын визийн нөхцөл болон бусад холбогдох мэдээллийг ЭСЯ, Консулын газартай харилцаж шуурхай хүргэх боломжтой” гэв.
Харин “Монгол контент” ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Гантуяа: “ Gogo мэдээний агентлагийн хувьд сэтгүүл зүйн үндсэн ёс зүйгээ барьж ажилладаг. Тэр ч утгаараа ямар нэгэн шуумаар дамжуулж биш баримтад тулгуурлаж, албан ёсны эх сурвалжтай мэдээлэл хүргэдэг. Манай сайтад Монгол орныг сонирхож буй гадаадын иргэд, Монголд ажиллаж амьдарч буй гадны иргэд түлхүү ханддаг. Эдгээр иргэдэд хэрэгцээт мэдээллийг баттай сурвалжаас шуурхай хүргэх нэн чухал. Тиймээс 2 байгууллагын хамтын ажиллагаа цаашид тогтвортой, үр нөлөөтэй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Ийнхүү 2 тал хамтран ажилласнаар гадаадын иргэд хуулиар олгогдсон эрх, үүрэг, Гадаадын иргэн, харьяатын байгууллагын үйл ажиллагаа, дүрэм журам болоод холбогдох үнэн бодит мэдээллийг Gogo мэдээний агентлагийн gogo.mn сайт болон англи хэл дээрх mongolia.gogo.mn сайтаас цаг алдалгүй, тогтмол хүлээн авах боломж нээгдэж байна.