Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Соёлын довтолгоо-2”-ыг эхлүүлье

2017 оны 04-р сарын 13 өдөр, 11 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
600x600

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Улаанбаатар хотын хөрс, ус, агаар, орчны бохирдлын асуудлаар иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар болон ТББ, аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэд үг хэлж, нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлыг хэрхэн шийдвэрлэх, ямар арга хэмжээ авч болох талаар байр сууриа илэрхийллээ.

Уулзалтын эхний хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, хоёр дахь хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөтлөн явууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ “Нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлын асуудлыг ямар нэг аргаар шийдэж таарна. Тэгэхдээ бид байгаа энэ цаг хугацаандаа шийдэх хэрэгтэй.

Энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, компани, иргэдтэй уулзаж байхад нэг зүйл их дутагддаг юм байна. Хэлж, ярьж байгаа зүйлийг уялдуулдаг бүтэц хэрэгтэй байгаа юм. Аж ахуйн нэгж нь шийдэл гаргаад байдаг, иргэд нь бас санаа зовоод ажил хийдэг, төр нь ажиллаад байдаг, яам, тамгын газрууд бас ажил хийгээд байдаг. Гадаад, дотоодын байгууллагууд Монголд ажиллаад байдаг.  Гэтэл үүний ихэнх нь давхацдаг. Энэ бүхнийг уялдуулдаг, ойлголцол бий болгодог, ийм ажил хэрэгтэй байна.

Өнөөдрийн энэ уулзалтыг иргэдэд ямар шийдэл байна, төрийн байгууллага, нийслэл хот, яамд ямар ажил хийж байна гэдгийг сонсож, нэгдмэл ойлголттой болох чиглэлээр хийж байна. Уулзалтаас уулзалт, ярианаас ярианд дэвшил гарч байх ёстой.

Инженерүүдийн гаргаж байгаа саналыг Инженерүүдийн холбоон дээр сонсдог, тэндээс хэрэгтэй, ашигтайг нь шигшиж авдаг. Ногоон байгууламж, модны чиглэлээр хийж байгаа ажлыг мэргэжлийн байгууллагууд дээр танилцуулаад, ингэж явсаар байгаад хот, УИХ-ын гишүүд, Засгийн газрын түвшинд танилцуулдаг. Тэндээс дахиж хотоос, Засгийн газраас дэмжих асуудлуудыг шигшиж аваад, шаардлагатай бол УИХ шийдвэр гаргах маягаар явбал боломж бий. Ийм ажлын анхны хэлбэр болгож уулзалт хийж байна.

Амьсгалах, бохироо ялгаруулах хоёр бол хүний, нийгмийн амин чухал асуудал юм. Хүний амьсгалж байгаа агаар цэвэр биш байх юм бол Монголд хүнлэг байна уу, ардчилсан байна уу, ямар дэглэм, ямар нийгэм байна, учир утгагүй. Шийдвэр гаргадаг түвшин, бүх шатны дарга нар үүнийг ойлгомоор байгаа юм.

Хэрэв монголчууд бохирын асуудлаа шийдэж чадаагүй бол нийгмийн асуудал, хөгжил, дэвшлийн асуудлаа шийдэхгүй. Бохироо шийдэж чадаагүй байгаа бол Улаанбаатар хотын удирдлага, Монгол Улсын Засгийн газарт ажлын дэвшил гарч байна гэж харах боломжгүй. Бохироо шийдэж чадаагүй айл цаашаа өөр юмны тухай бодоход их хэцүү.

Дэлхий дээр бүх улсууд нүүдэлчин байсан. Нийлээд олуулаа суусан. Хамгийн хэцүү асуудал бохирын асуудал болсон. Энэ утгаар нь хармаар байгаа юм. Ингэвэл шийдвэр гаргагчид, ажиллаж байгаа хүмүүс үүнийг хийх ажлынхаа эхний асуудал болгож тавьдаг. Айл өрх ч гэсэн модон жорлон ухаад тавих бол биш юм байна. Усаа, хөрсөө, хажууд байгаа айлаа бохирдуулаад, хойч үеэ бохирдуулж байгаа миний энэ шийдэл биш юм байна гэж ойлгоогүй цагт энэ ажил явахгүй. Энэ ойлголтыг аваад цааш явах юм бол дэлхий нийтэд шийдлүүд байна.

Тэрбум гаруй хүнтэй Энэтхэгт Ерөнхий сайд Н.Моди Конгресс нам гэдэг 60-аад жил эрх барьсан асар хүчтэй намыг ялж гарч ирсэн. Н.Модийн дэвшүүлсэн сонгуулийн хамгийн гол уриа бол бохирын асуудал байсан. Улаанбаатарын шийдэл ч Энэтхэгээс нэг их дээрдээд байх зүйлгүй.

Монголд газар нутаг холтой учраас л холхон гараад бие засахад үнэр танар нь тэгс хийгээд алга болдог. Нийлээд суурьшсан газар үнэхээр аймшигтай. Ийм асуудал дэлхийн хамгийн олон хүнтэй оронд ч байна. Хамгийн бага хүнтэй оронд ч байна. Үүнийг шийдэхэд бүгдээрээ анхаарч орох цаг болсон.

Өөр нэг зүйл бол хүмүүсийн амьдрал, нийгмийн асуудлыг шийдэхэд нэг зарчим чухал. Тогтвортой, тасралтгүй ажиллагаа явж байх ёстой. Нэг Засаг даргын үед овоо санаачлаад явж байснаа дараагийнх нь гарч ирээд алга болдог. Нэг бодлого тодорхойлогчийн үед овоо явж байснаа дараагийнх нь гарч ирээд алга болдог. Ийм болчихоод байгаа. Тасралтгүй, тогтвортой, тэгээд дэвшилттэй, хүрсэн амжилтаа бататгаад цаашаа алхаад байх хэрэгтэй.

Зарим шийдлийг сонсоод байхад энэ таван асуудлыг хэрэгжүүлэхэд Улаанбаатарын агаар, орчны бохирдлын асуудлыг хэдхэн жилд шийдэж болох юм байна гэж харагдаад байгаа.

Блүүмберг гэж хүн “Цэвэр хот” гэдэг санал дэвшүүлээд Нью-Йоркийн мэр болоод гарч ирж байсан. Өөрөө хөрөнгөтэй, мөнгөтэй, тэрбумтан хүн. Санаачлагаа Нью-Йоркт төдийгүй дэлхийн хотуудад хэрэгжүүлээд, жилдээ 400 гаруй сая ам.долларын хандив өгөөд явж байгаа. Сая УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн танилцуулсан бохирын асуудал шийдэх танилцуулга бол Б. Гейтсийн хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн юм. Хэдэн арван тэрбум ам.доллар гаргаад дэлхий нийтээр явуулж байгаа.

Байгаа суугаа газартаа чи бохироо шийдсэн бол бусдыг бохироо шийдэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн ойлголт энэ хүмүүст байдаг юм байна. Бид ч гэсэн энэ хөдөлгөөнд нэгдэхээс өөр аргагүй болж байгаа.

Би нэг зүйлд жаахан урамшаад байгаа. Надад их олон ажлын санал ирж байгаа юм. Гаднаас ч санал ирэх юм. Хамтарч ажиллах энэ санал санаачлагууд дээр ажиллахад их боломжтой үр дүн гарах нөхцөл байдал харагдаж байгаа. Үүнд нэлээд урамшиж байна.

Сая Д.Оюунхорол сайд нэг чухал үг хэллээ. УИХ-аар 16 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа гэлээ. Жишээ нь, Нийслэлийн Засаг дарга С.Батболдын ярьж байгаа саналыг маш хурдан нэг хуульд нь оруулмаар байгаа юм. Байгаль орчны яам, Улаанбаатар хотын захиргаа Туул голын хойд, урд хоёр талын газрыг булаацалдаад байдгийг болиулах хэрэгтэй. Яг үнэндээ Улаанбаатарын хувь заяаны төлөө, Улаанбаатарыг авч явах ажлыг Улаанбаатарын засаг захиргаа л бүрэн шийдэх хэрэгтэй. Энэ хүмүүст юу дарамт болдог вэ гэхээр төрийн захиргааны төв байгууллагууд, УИХ, Засгийн газар, яамд дарамт болдог.

Уг нь шинэ суурьшлын бүс бий болгоод, тэнд шилжчих юм бол Улаанбаатарынхаа асуудлыг Улаанбаатарын засаг захиргаа шийд, улаанбаатарчууд шийд гэхэд манай Улаанбаатар хот 5 жилийн дотор орчин үеийн хот болоод босоод ирэх бүрэн боломжтой. Иймэрхүү маягаар хараад, тал талдаа ойлголтыг нэгтгэмээр байна.

Энд нэг зовлонтой юм нь намын талцал, улс төрийн талцал, албан тушаал, сонгууль гээд хачин зүйлүүд нөлөөлөөд байгаа. Гэхдээ нэг хэсэг улсууд нь санаачлаад, өөрсдөө оролцоод, манлайлаад энэ чиглэл рүү явахгүй бол талцсан, бие биеэ үзэн ядсан маягаар бидний ажил явахгүй болоод байна. Ажил хийж байгаа хүнд дутагдал байдаг. Сая миний хэлсэн үгийг та нар сонсож байгаа байх. Нэгнийхээ ажлыг жаахан урамшуулаад, үр дүн гарч байгаа зүйл дээр нь нийлээд, нэгдээд ажиллах юм бол асуудал шийдэх боломж байна гэж харж байгаа. Энэ бол анхных.

Банкны санхүүжилттэй холбоотой танилцуулгууд байна. Бусад танилцуулгууд байна. Зарим газраар нь явж очьё гээд заримыг нь тэмдэглэж авлаа. Хаягдал мод ашигладаг төсөл 650 сая төгрөг гээд сая Ц.Оюунгэрэлээс мөнгө гуйж байна. Үүнийг үйлдвэр дээр нь очиж үзээд, бүгдээрээ сууж ярилцаад, Монголд үнэхээр хэрэгтэй гэх юм бол уялдуулдаг газар, уялдуулдаг хүн нь хамтарч яваад, банкинд лобби хийгээд, засагт лобби хийгээд явмаар байгаа юм. Олон нийтийн ийм сайн санаачилгуудыг би дэмждэг.

Би хуульд нэг санал оруулаач гэж хэлсэн. Олон нийтийн сайн санаачилгуудыг дэмжээд, бид хувиасаа нэг төгрөг гаргасан бол төрөөс 1:1 гэсэн урамшуулал өгвөл олон нийт, бизнесийн санаачилгууд яваад өгмөөр байгаа юм. Энэ нэг их хэцүү биш. Үр дүнгээр нь л тооцчих.  Бид төрөөс авсан нэг төгрөг юм уу, 1000 төгрөгөө шилэн дансаар харуулж байгаад, яг зорилгоор зарцуулаад л тайлагная. Манайд төсөвт цугларсан мөнгийг тэр жилд нь идэж дуусгадаг гэсэн ойлголт яваад байх юм. Уг нь төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн зээл гэдэг жаахан сан бий болгоод, түүгээрээ иргэдийнхээ хийж байгаа сайн зүйл дээр 1:1 юм уу, 1:5 ч байсан яах вэ, бид 10 төгрөг гаргавал төр 1 төгрөг гаргаад ч юм уу, үр дүнгээр нь явах юм бол олон нийтийн санал санаачилгууд нэмэгдэх боломжтой.

Тийм учраас Үндэсний хөтөлбөр дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс та бүхний, иргэдийн хөндөж гаргаж байгаа санал санаачилгуудаас нэлээд санал оруулсан. Одоо УИХ-д орох хуулиудад санал өгнө гэж бодож байгаа. Нэгэнт хуулиар дамжиж өөрчлөлт хийгддэг, хуулиар дамжиж бодлого өөрчлөгддөг учраас мэргэжлийн хүмүүс, БОАЖЯ-ныхан анхаараарай. БОАЖЯ-ныхан л тэр 16 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаа бичнэ шүү дээ.

Сая бас нэг  их чухал санаа гарлаа. Иргэд нь ойлгохгүй байгаа бодлого л явахгүй, унаад байгаа юм. Бохир, муухай байна гэдгээ бид ойлгож байгаа. Үүнээс гарах гарц нь ийм байна гэдгийг хүмүүс гарч, ярьж, тайлбарлаж өгөөд, түүнийг нь төрөөс жаахан дэмждэг. Түүнээс биш намын хөтөлбөрт орсон учраас хэрэгжүүлэх гэж байгаа ч гэдэг юм уу, дарга хэрэгжүүлэх гэж байгаа, миний санаа гээд явахаар унаад байгаа юм. Дарга ойлгосон гэхэд иргэд ойлгохгүй байгаа юм. Иргэд өөрийн болгоод, өөрийн зовлон, өөрийн үйл ажиллагаа, өөрийн оролцоо гэж харахгүй байгаа. Буяны хэлбэрээр ажиллах, үнэ төлбөргүй өгөх гэдгийг ер нь их багасгамаар юм билээ. 100 төгрөгийн юмыг 99 болгоод, чи 1 төгрөгийг нь төл гэдэг. Нөгөө хэдэн зуух хаашаа зарагдсаныг бүгдээрээ мэдэж байгаа.

Иргэд оролцоод, бага ч болов зээл аваад, бага ч болов хөдөлмөрлөөд, бага ч болов өөрийн оролцоог бий болгоод, хувь нэмрээ оруулаад явах юм бол бидний ярьж байгаа олон зүйл шийдэгдэх боломжтой.

Утааны асуудлаар цуглаан хийсэн ч одоо хүмүүс цөөхөн ирэх байх. Тэгж байгаад гэнэт сэрсэн юм шиг 11 дүгээр сарын үед бүгдээрээ ам, хамраа дараад, төр, засаг гээд хоорондоо муудалцаад эхэлнэ л дээ.

БОАЖЯ, ҮАБЗ-өөс бид нар нэг хүсэлт тавьж байгаа. Хотын дарга, БОАЖЯ гаргаж өгөх байх.  ҮАБЗ-ийн хурал болсон. Тэр хурлаас хойш авсан арга хэмжээ, хийсэн ажлын үр дүн юу байна. Одоо энэ цаг мөчөөс, 3 дугаар сарын 1-ээс, 3 дугаар сарын 30 юм уу, 4 дүгээр сарын 10-наас хойш он дуустал яг ямар ажил хийх юм. Яг ямар үйл ажиллагаа болох юм. 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс юу хийх вэ гэсэн 3 чиглэлээр ажлын тайлан сонсоё гэж бодож байгаа.

Төрийн байгууллага дангаараа энэ асуудлыг шийдвэрлэхгүй юм байна. Орчны бохирдол бол маш олон талын хүчин зүйл нөлөөлсөн тул шийдэл нь цогц байх юм байна. Маш олон хүчин зүйл нөлөөлж байж шийдэгдэх юм байна. Хамгийн гол нь иргэдийн оролцоо, хувийн хэвшлийн оролцоо, санаа зовсон шийдэлтэй хүмүүсийн оролцоог бий болгож байж л энэ ажил урагшлах нь ээ гэж бодож байгаа. Өнөөдөр үүн дээр би нэлээд санаанууд авлаа.

Энэ 7 дугаар сараас хойш би иргэн Элбэгдорж болно. Иргэн байх бол хамгийн чухал ажил гэж би хувьдаа бодож байгаа. Энэ талар ярилцъя гэвэл та бүхэн хэлж байгаарай. Та бүхний бүх нэрсийг энд жагсааж авсан. Би О.Чулуунбилэг зөвлөхөд хэлж байгаа. Энэ улсууд нийлээд сүлжээ ч юм уу болоод, оролцоод, асуудлаа танилцуулдаг байя. Заавал бид энд тэнд очиж бүртгүүлэх шаардлагагүй.

Цэвэр хотод амьдрахын төлөө сүлжээ бий болгоод уулздаг, ажлын үр дүнгээ ярьдаг, шинээр орж ирж байгаа хүмүүсээ дэмждэг, гарсан сайн санаануудаас шийдэх боломжтойг Улаанбаатарт хэлж өгдөг. Засаг дарга бол аваад ир ээ л гэж байгаа. Ерөнхий сайдад ороод хэлчихдэг. УИХ-ын гишүүдэд танилцуулчихдаг. Гадна, дотнынхонд уулзаад ярьчихдаг, банкны салбарынхныг цуглуулж байгаад эдгээр саналаас алийг нь та нар санхүүжүүлж чадах вэ гээд түүнийг холбоод өгөх хэрэгтэй юм шиг харагдаад байгаа юм. Иймэрхүү ажил хийвэл бидний ажил цаашаа явна гэж бодогдож байна.

Аливаа зүйл нэр томъёотой урагшлахгүй бол болдоггүй. “Соёлын довтолгоо-2” гэж эхлүүлбэл яасан юм бэ гэж сая бодож суулаа. Соёлын довтолгоо-1-ээр янз бүрийн өвчнөөсөө салсан. Бөөс хуурс, хирнээсээ салсан. Орны даавуугаа сольдог, шүдээ угаадаг болсон. Энэ бол том дэвшил байсан.

Одоо монголчууд биеэс гарч байгаа бохироо л зөв байдлаар шийдэхгүй бол болохгүй. Үүнийг шийдсэний дараа нийгмийн олон дэвшлийн тухай бид ярьж болно. Энэ асуудал шийдэгдээгүй байхад их олон зүйл ярихад хүндрэлтэй болдог юм байна. Бусад улс орныг ч харж байхад тийм юм уу даа гэж би харж байгаа.

Үндэсний хөтөлбөр гэж Засгийн газар дээр баталсан гоё хөтөлбөр байгаа. Хот дээр баталсан хөтөлбөр байгаа. Хэрэгжээсэй л гэж залбирахаас аргагүй.

Иргэд, олон нийт нийлээд ерөөсөө бидэнд Засгийн газар ч туслахгүй, хот ч туслахгүй, яам ч туслахгүй юм байна. Бид л өөрсдийнхөө амьдралыг сайжруулна шүү гээд зүтгэхэд бараг хийчихээр ажлууд байгаа юм. Банк, санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтраад, иргэд нийлээд, амьдарч байгаа газрынхаа улсууд дээр хяналт тавиад , бүртгэлээ хийгээд явахад бараг шийдэх боломжтой.

Хот, Засгийн газар баталсан хөтөлбөрөө л хэрэгжүүлж байгаа бол хангалттай. Боллоо. Илүү юм шаардаад ч яах вэ гэсэн маягаар явах ёстой. Уг нь бид өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг л сайжруулах ёстой. Гарч байгаа ялгадас, бохир, утаагаа тэр айл л шийдчих юм бол Монгол Улс шийдчих гээд байгаа юм. Шийдэл нь байна, боломж нь байна. Үүнийг л иргэддээ ойлгуулж хүргэхэд хамтарч ажиллая гэж бодож байна.

Сая асуудлаа танилцуулсан хүмүүс танилцуулгаа авч ирсэн байгаа. Утсаа өгөөрэй. Энэ саналуудаас цөөхөн ч гэсэн санал хэрэгжих юм бол бас л их дэвшил болно. Д.Басандорж докторын саналыг хэрэгжүүлэх юм бол бараг болчих гээд байна шүү дээ. Монголын хэмжээнд ийм зүйл хэрэгжүүлэх гэж санаад явж байгаа арав хорин хүн байгаа. Тэднийг цуглуулаад энэ санааг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө явах хэрэгтэй. Үүнийг дэлхий нийтээрээ бодож байгаа. Нэг юмаараа бид дэвшил авч ирэх ёстой. Монголын нөхцөлд, яг бидний орчинд, яг бидний энэ амьдралд хэрэгжих үү гэдгийг л танилцуулах ёстой. Үнээрээ, хийцээрээ өрсөлдөх чадвартай байх ёстой. Манай монголчууд одоо их цамаан болсон. Бүгдээрээ фейсбүүкт ордог, юм хардаг, үздэг. Энэ Хятадынх, Голландынх зүгээр. Үүнийг л авмаар байна гээд сууж байгаа. Тэдний сайн зүйлийг аваад, монголынхыг дээрээс нь нэмээд, технологийн дэвшлийг шийдмээр байгаа юм. За Басандоржийн үгийг сонсоё.

Д.Басандорж: -Нэгд, агаар, ус, хөрсний бохирдол бол улс төрийн бохирдолтой холбоотой гэж би ойлгоод байгаа юм. Та Улс төрийн намуудын тухай хуулийг хурдхан оруулаад гишүүнчлэлгүй болгоод, талцдаг юмыг үгүй болгомоор байна. Энэ бохирдлын эх үүсвэрийг тасалчих юм бол цаашаа бохирдол арилна.

Хоёрт, бохир ус, бохироо нөөц баялаг гэж харах хэрэгтэй. Ингэвэл бид асуудлаа шийднэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Нэг л зүйл байгаа. Хүн амьдарч л байгаа бол бохир гаргахгүй гэж байхгүй. Байнгын ийм зүйл байгаа бол, сая нэг хүн хэлсэн, байнгын бизнес байгаа юм. Үүнийг шийдэх байнгын хэрэгцээ байна. Банк нь ч, бизнес нь ч, төр нь ч ингэж хараад хийх юм бол үүнийг маш хурдан шийдэж болно. Байнга гарч байгаа, баялаг гэх нь юу юм, гэхдээ л баялаг шүү дээ. Хаягдлыг баялаг гэж үздэг. Эргүүлээд баялгаараа сайн юм хийгээд явдаг шүү дээ. Намын хувьд сэдэв дотроо л явъя.

Иргэн Баянжаргал: -Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, хотын дарга нар бид бүхнийг хүндэтгэн ирж, Монгол Улсынхаа хөгжлийн төлөө санаа тавьж байгаад их баярлаж байна. Ажлын байртай амины орон сууцыг шийдчих юм бол асуудал шийдэгдэнэ. Өртөг хямд байх ёстой. Ногоон байгууламжтай байх ёстой. Үүнийг иргэдийн оролцоогоор хийнэ. Би тооцоог бүгдийг хийсэн байгаа. Төв замаа троллейбусны зам болгочихвол бас утаанаас сална. ХААИС-ийг хотоос гаргаж Төв аймагт нүүлгэмээр байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Гарч байгаа саналууд нэлээд давтагдаж байна. Саналуудаа одоо шүүх цаг болсон. Шүүж эрэмбэлээд, хаана хаана ямар шийдвэрээр дамжуулж хэрэгжүүлэх вэ гэдгээ л буулгах цаг болж байна. Үүнийгээ хөтөлбөр гэж нэрлээд байгаа. Миний мөрөөдөл, миний боддог юм бол Улаанбаатар хотын хойд талын гэр хороолол ирээдүйд ногоон бүс болж хувирах ёстой. Тэнд хөрс, агаар нь бохирдсон байгаа бол түүнийг сэргээхэд дахиад 20-30 жил хэрэгтэй. Бидний үеийнхэн ногоон бүсийг нь бий болгож өгөөд, айл амьдрахаар бол 10 хашааны айл 2 хашааны хэмжээнд орчин үеийн шийдлээр хамтарч амьдраад, 80 хувиа ногоон бүс болгоод явдаг зүйл рүү бид ормоор байгаа юм.

Бидний дараагийн үе 20-30 жилийн дараа тэнд ямар барилгаа барих вэ, юугаа хийх вэ, түүнийгээ хийгээд явах байдлаар явж болно. Миний алсын хараа тийм байгаа. Үүн дээр бүгдээрээ хамтраад ажиллахад үр дүн гарах байх.

Оюутан Цэнд-Аюуш: -Би байгаль орчны чиглэлээр суралцдаг. Энд байгаа хүмүүсийн 80-аас дээш хувь нь 30-аас дээш насныхан байна. Яагаад төрийн бодлогын чухал зүйлд одоо суралцаж байгаа оюутан залуус юм дуугарахгүй байна вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй байх. Оюутнууд ухамсраараа хог хаяхгүй байх, бохирдлоо бууруулах дээр анхаарвал монголчууд гэр бүлээрээ, бүгдээрээ сайхан амьдрах байх. Залуу боловсон хүчнийг чанартай байлгахын тулд бидэнд хандсан ажлыг хамтраад хийвэл дэмжихэд бэлэн шүү.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Их баярлалаа. Сайхан үг хэллээ. Манай залуучууд ийм мундаг ухаантай. За, саяын сүлжээгээ “Соёлын довтолгоо-2” гэж нэрлэе, тэгэх үү? /Алга ташив/

Та бүхэн “Соёлын довтолгоо-2” сүлжээг үүсгэн байгуулагчид шүү. Уулзалтад ирж байгаарай. Их баярлалаа” гэлээ.





Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх